Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Д.Батсайхан ийнхүү мэдэгдэж байна. Харин манай улсаас охид эмэгтэйчүүдийг хил давуулан наймаалсан хэрэг л гарсан хэмээн тэр ярьлаа. 2002 оноос хойш хүн худалдаалсан гэх 24 хэрэг шалгагдсан боловч ердөө хоёрхон тохиолдол л шүүхээр шийдвэрлэгдэж байжээ.
Гэвч цаашид энэ төрлийн гэмт хэрэг эрчимжих нөхцөл нь бүрдсэн учраас 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн “Хүн худалдан авах, Хүн худалдаалах” гэсэн 113-р зүйл дээр зарим өөрчлөлтийг оруулсан байна. Ингэснээр “Ашиг олох буюу мөлжих зорилгоор хүн худалдаалахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууран мэхэлсэн, эмзэг байдлыг нь далимдуулсан, бусдыг элсүүлсэн, тээвэрлэсэн, дамжуулсан, орогнуулсан, хүлээн авсан” гэх хүмүүс нь бүгд гэмт хэрэгтэнд тооцогдох бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ. Үүний дээр насанд хүрээгүй, хоёр ба түүнээс олон хүнийг, хулгайлж авсан зэрэг заалтууд нэмэгдвэл торгууль төлөгдөхөөс гадна 5-10 хүртэл хугацаагаар яллах болсон байна.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн багт ажилласан гишүүд хэрэгсэхгүйд тооцогдсон хэргүүдийг судалж үзэхэд хохирогчид нь өөрсдөө “би гомдолгүй” гэж мэдүүлснээс тус хэргийг хаасан болохыг мэджээ. Тиймээс шинэ заалтаар “хохирогч худалдагдахыг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн тайлбарыг нэмж өгснөөрөө давуутай болсон байна.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн заалтууд хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлжээ.
Г.Анар