2008-02-26
Хүний наймаачдаас сэрэмжил!
Х.СЭРГЭЛЭН


Охид биеэ үнэлж, харийн орон руу хэнийг ч хамаагүй даган одоход бэлэн байгаагийн учир шалтгаан юунд оршино вэ? Ийм бодлоор тархиа гашилгах болсон маань учиртай. Нийгэм дамнасан энэ мэт асуудал надад огт хамаагүй мэт бодож явсан цаг саяхан. Хэзээ ч энэ асуудал миний амьдралд урган гарч ирэх юм гэж санаж байсангүй тул өөрт тулгараад ирэхээр эрхгүй бодолд автан ямар нэгэн зүйл хийхээр тэмүүлдэг нь хүний л зан биз. Саяхан хамаатны маань 17 настай охин “Хүний наймаачдын гарт оржээ” гэсэн мэдээлэл чих дэлсүүлж, биднийг цочролд оруулсан юм.
 
Тиймээс хүн болгон л өөр өөрийн сувгаар тэр охиныг ээжид нь эргүүлж авчирахаар сандралдаж эхлэв. Тэрхүү тагнуулын ажилд би ч гар бие оролцлоо. Хэзээ мөдгүй хилээр гараад явчихаж мэдэх нөхцөл байдал үүссэн учраас цагдаагийнхантай хамтарч, урд хойт хил рүү зургийг нь илгээж, ИБМТ-д гадаад паспорт гаргаж өгөхгүй байх хүсэлтээ гаргав. Охин хэл чимээгүй гэрээсээ долоо хоног алга болсны дараа ирсэн энэ мэдээлэл хэн хэнд маань цочрол өгсөн юм.
 
Харин мэдээлэл ирснээс хойш дахин гурав хоног дээрээ охин сураггүй л байв. Уг нь гэр орон нь хангалуун дутагдаж гачигдах юмгүй айл. Гэхдээ түүний ингэж буруу зам руу гулсан орсон нь хэтэрхий завтай, өдрийг гэртээ голдуухан ганцаараа өнгөрүүлдэгтэй нь холбоотой биз гэж ээж нь ярьж байв.

Үүнээс үүдээд өнөөгийн охидод нэгэн адил дутагдал байгааг анзаарсан юм. Ихэнх нь хичээл сургуулиас өөр сатаарах зүйлгүй, мөнгөтэй болно гэхээс өөр мөрөөдөлгүй, цагийн ихэнхийг олуулаа нийлэн өнгөрүүлж, хэвлэл мэдээлэл, телевиз радиогоор явж буй мэдээллийг огт сонсдоггүй нь хялбархан мөнгөтэй болгоно гэсэн зальтай хүмүүсийн үгэнд итгэхэд хүргэдэг бололтой.

Харин эцэг, эхчүүд энэ байдалд дүгнэлт хийж, зөвхөн Монголд төдийгүй өөр улс орнуудад ч газар аваад байгаа цэвдэг сэтгэлт хүний наймаачдын гараас охидоо хамгаалах бүхий л боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж санагдсан. Хамгийн гол нь тэдний оюун санаанд бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэж, аюул ослоос сэрэмжүүлэхэд бага ч болов цаг зарцуулах цаг болжээ. Дөрөв дэх хоног дээрээ бид хайсан хүнээ олсон юм. Түгшээж байсан зүйл батлагдаж, тэр Хонгконг руу аваачиж, цалин өндөртэй ажил хийлгэнэ гэсэн ярианд итгэж, өөр гурван найзын хамт нууцаар орогнож байсан аж. Харамсалтай нь бид хичнээн хүч тавьсан ч тэдний нэг нь хэдийнэ хил гараад явчихсан байсан юм.

Өнгөрсөн наймдугаар сард Югославын нэгэн иргэнд 20 гаруй насны монгол охидыг зарах гэж байсан тухай мэдээлэл хэвлэлээр цухасхан шуугиад л өнгөрсөн. Харамсалтай нь  иймэрхүү хэрэг гарсан ч монголчууд баттай нотолж чадахгүй байсаар өнөөг хүрсэн нь нууц биш. Монгол охидыг БНХАУ, БНСУ, Сингапур, Японд аваачиж янхан болгодог гэсэн аман яриа цөөнгүй дуулддаг. Зарим нь бүр өөрсдөө тэр бүхэнд өртөж, чадан ядан зугтаж ирсэн тухай барин тавин өгүүлэх нь ч бий. Гэхдээ тэр бүхний хариуцлага тэр бүр тодорхой хүнд оногддоггүй бололтой.

Ийм мэдээлэл бидний сонорт саяхнаас дуулдаж байгаа хэрэг ч биш аж. Бүр 1990-ээд оны эх буюу зах зээл нээлттэй болох үеэс цөөнгүй монгол охид хил даван сураг алдарсан. “Тэдний ихэнх нь биеэ үнэлэгч болж, энэ бүхнийг тэсэж туулж чадалгүй /моральный элэгдэлд орсон/ нэг нь одоо аль хэдийнэ өөр хүмүүсийн муудсан, гэмтсэн эрхтний нөхөөс болон тасар татуулсан” хэмээн учир мэдэх хүн өгүүлж байна. Харамсалтай нь энэ аймшигт тавилангийн эзэд нь ихэвчлэн царайлаг, бие хаа сайтай охид байдаг гэнэ.

Жишээ буюу наймаачны яриа
“Намайг Лю Жи Юань гэдэг бөгөөд Хонгконгоос Монголд ирсний учир бол Монголоос зарим хүүхнүүдийг олж Макаод ажиллуулах зорилготой байсан. Миний энэхүү үйлдэл нь зүйд нийцэхгүй гэдгийг мэдэж байна. Би Монголд дуртай, цас орохыг Монголд л харж болно. Би чин сэтгэлээсээ уулчлалт гуйж байна. Уучлаарай, Монгол найз нар минь. Бүсгүйчүүдийн Макаод хийх ажил нь массаж болон секс хийх. Макаод Монгол бүсгүйчүүдийн ажлын хөлс нь 4000 ам.доллар” гэж монгол охидыг наймаалах гэж байгаад баригдсан Хонгконгийн иргэн Лю Жи Юань 2001 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн мөрдөн байцаагчид мэдүүлж байжээ.

Ийм наймаачид ихэнхдээ «Гадаадын томоохон казино, ресторанаас Орос, Хятад, Монгол, Филиппин, Сингапур зэрэг орны бие бялдар гоолиг, царайлаг, нас залуу бүсгүйчүүдийг шилж сонгон авах зорилготой. Очсоных нь дараа тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулж илээч, үйлчлэгчийн чиглэлээр ажиллуулна. Ажлын ачаалал тийм ч их биш. Хамгийн доод тал нь зургаан cap түүнээс дээш хугацаагаар ажиллах гэрээ хийнэ. Үүнээс өмнө буцаж болохгүй. Байр, хоол ундыг цаанаас нь даана. Чөлөөт цаг ихтэй. Тэнд очиж ажилласан бүсгүйчүүд өдөрт гадаадын гурваас доошгүй хүнд үйлчлэх ёстой. Нэг хүнд үйлчлэхэд наад зах нь 100 ам.долларын хөлс авна. Ер нь сарын цалин 3000-4000 ам.доллараас буухгүй. Ингэж томоохон нэртэй хүмүүсийг өөртөө татаж чадвал диваажингийн хаалга татан орлоо л гэсэн үг” хэмээн сайхан үгээр охидыг хуурч, итгүүлдэг байна. Ийм ажиллагаанд монгол орчуулагч нар болон садан төрлийн чанартай бүлэг хүмүүс ч оролцож байж мэднэ.

Лю Жи Юань гэгч тэр эр царайлаг дөрвөн охиныг энэ мэтээр аргандаа оруулан Бээжингийн галт тэргэнд суух гэж байхад нь цагдаагийнхан баривчилжээ. Тэрбээр цагдаагийнханд мэдүүлэхдээ «Макаод гадаадын царайлаг залуу бүсгүйчүүдийг аваачиж, ашиг олох ажиллагааг зохион байгуулдаг гэмт бүлэглэл нэг биш байдаг» хэмээн ам алдсан байна. Мэдээж энэ бол дээр үеийн явдал. Гэхдээ байдал одоо ч түүнээс өөрчлөгдөөгүй гэдгийг сануулах гэж энэ мэдээллийг дахин давтаж байна. Түүний ярьснаар бол тэдгээр хууль бус наймаачдын толгойлогчид Лю Жи Юань мэт хүмүүсийг элсүүлэн, хилийн чанадад зараалаар илгээдэг гэнэ.

Толгойлогчид нь жинхэнэ овог нэр, ажил, гэрийн хаяг, утас тэр ч байтугай гар утасныхаа дугаарыг ч хэлж өгдөггүй. Харин шаардлагатай үедээ өөрсдөө утсаар холбоо барьдаг аж. Тэгэхлээр охид, бүсгүйчүүдийн наймаа эрхэлдэг тэдгээр бүлэглэлүүд далд нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг нь илэрхий. Сүүлийн үед энэ мэт далд бизнест манай залуучууд татагдан орж, гар биеэ оролцуулж байгааг цагдаагийнхан үгүйсгэхгүй байна.

Энэ бол манайхны ам дамжин яригддаг барин тавин хэргийн нэгээхэн хэсэг нь, үүнээс өөр мэдэгдээгүй өнгөрсөн хичнээн ч хэрэг байгааг хэн ч мэдэхгүй. Цалин өндөртэй газарт загвар өмсүүлнэ, бүжиглүүлнэ, нэрд гаргана, баян хүнтэй гэрлүүлнэ гэх зэргээр худал ухуулан нутгаас нь төөрүүлж, цэнгээний газар аваачин хүчээр тайчих урлаг үзүүлж биеийг нь үнэлүүлэхийг оролдсон хэрэг энэ явдлаас хойш улам их гарах боллоо. Сүүлийн үед дэгжин хувцаслаж, машин унасан залуус гэгээн цагаан өдөр аятайхан харагдсан охидоо эелдэгээр дуудаж, танилцах нэрээр авч яван, нууц наймаандаа татан оруулдаг болсон сураг ч гарч байна.

Энэ мэт наймааны ард ихэвчлэн хятад иргэд байгаа нь нэгэнт ил болжээ. Эцэг, эх, ах, эгч та бүхэн охидоо эдгээр хууль бус наймаачдын арга залиас хамгаалж, түүнээс үүдэх аюулыг урьдчилан сэрэмжлүүлж байгаарай гэж “Ням гариг” сонин уриалж байна. Хэзээ нэгэн цагт таны итгэмтгий, гэнэн охин сураггүй алга болж та бүхнийг “шар махтай нь хатааж” мэдэхийг үгүйсгэх арга алга. Биднийг энд алдсан хүнээ эрж хайж байхад хайрт охид тань нэг бол бусдын эрхэнд биеэ үнэлж, үгүй бол эд эрхтнээрээ задран ертөнцөөр нэг таран алга болсон байж ч мэдэх юм шүү.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог