2008-02-26
Хүний наймаа хүрээгээ тэлсээр
Одоогоос зургаан жилийн тэртээ Максим хэмээх орос эр "Шуурхай зар" сонинд "Өндөр нуруутай, царайлаг охидыг Румын, Югославт латин америк бүжигчнээр ажиллуулна. Сарын цалин 3000 ам.доллар" гэсэн зар гаргажээ. Зарын дагуу 18-21 насны таван бүсгүй бүртгүүлж, нэр, хаяг, утасны дугаар гээд шаардагдах мэдээллээ үлдээсэн аж. Тэднээс 18-19 настай хоёр охин Максимын хамт "өндөр цалинтай ажил хийхээр" Югославыг зорьсон байна

Хоёр охины нэг нь бүтэн, нөгөө нь хагас өнчин бөгөөд гадаад хэлний нэгэн сургуулийн оюутнууд. Тэд Югославт Максимын эгчийнд очоод ажиллах цэнгээний газар нь "хаагдсан"-ыг мэджээ. Ингээд охидыг гэрт хорин биеийг нь хүчээр үнэлүүлж эхэлсэн байна. Хэдэн сарын дараа тэднийг Оросын нэгэн мафид худалдсан гэнэ. Харин охидод аз таарч утастай өрөөнд хорьсноор гэр бүлийнхэндээ энэ талаар мэдэгдэж аврагдсан юм.

Хожим нь цагдаа нар Максимийг баривчилж, зургаан жилийн ял ногдуулсан нь хүний наймааны хар бизнес эрхлэгчийг манайд шүүхээр шийтгэсэн хуруу дарам хэрэгтний нэг болжээ. Хүний наймаа нарийн зохион байгуулалт, шат дамжлагатай гэдгийг мөрдөгчид төдийгүй хохирогчид баталдаг. Зуучлагчид бол эхний дамжлага. Тэд татлаа багатай буюу өнчин, 18-25 насны царайлаг бүсгүйчүүдийг өндөр цалинтай, биед амар ажилд зуучлах нэрээр урхиндаа оруулдаг. Харин худалдан авагчид нь тусдаа. Худалдагдаж буй охид, бүсгүйчүүд голдуу ядуу буурай орны иргэд байдаг.

"Хүний эрх хөгжил", "Хүйсийн тэгш эрх" төвөөс бусдад худалдагдсан эмэгтэйчүүдийн ярилцлагад тулгуурлан судалгаа хийжээ. Манай бүсгүйчүүдийг Макао, БНСУ, Япон, Хятад болон Европын орнууд руу худалддаг. Харин үүндээ хэвлэлийн зарыг ашигладаг. Энэ төрлийн гэмт хэрэг хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгөөр өрнөдөг. Манайд илрүүлсэн цөөхөн тохиолдол нь хоёр дахь ангилалд хамаардаг аж.

Богино хугацаанд их мөнгө олох сайхан мөрөөдөлдөө автсан найман монгол бүсгүй зөөгч, бүжигчин хийхээр Макаог зорьжээ. Гэвч хэн нь ч "амьд бараа" болон худалдагдаж, хатуу хараа хяналт, зодуур дор хүчээр биеэ үнэлэхээ төсөөлсөнгүй. Тэднийг Макаод нэгэн бааранд аваачиж, менежерийг нь дуудаад яг л бараа сонгож буй аятай сонжуулсан аж. Харин менежер эмэгтэй өөрт таалагдсан бүсгүй-чүүдэд өндөр өсгийтэй гутал, нэвт гэрэлтсэн хувцас мэтийг тарааж өгсөн нь тэдний зовлонгийн эхлэл болж. Тэд саун, массажны газарт ажилд орлоо гэж бодсон ч удалгүй үйлчлүүлэгчийг хүссэн л бол биеэ үнэлэх ёстойг ойлгожээ. Үүнийг нь эсэргүүцвэл зодуур хүлээж буй. Тэгээд ч замын зардал, байр, хоолны мөнгө гээд дааж давшгүй их өр тулгадаг тул хүссэнийг нь гүйцэлдүүлэхээс аргагүй болдог байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн ярианаас үзэхэд зуучлагчид нэг хүн элсүүлээд 200-500 ам. долларын хөлс авдаг юм байна. Энэ бол "Хүний эрх хөгжил" төвийн судалгаанд хамрагдсан хэсэг эмэгтэйд тохиолдсон явдал. Мөн худалдагдсан эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрх. Тэднээс азтай зарим нь оргож эх орондоо ирдэг бол бусдад нь өрөө төлж дуусгах, эсвэл хувь заяатайгаа эвлэрэх зам л үлддэг.

Монгол охид, бүсгүйчүүдийг хил дамнуулан худалдах гэмт хэргээс гадна дотооддоо дээрх аргаар элсүүлэн биеийг нь үнэлүүлж ашиг олдог бизнес ид цэцэглэж байна.

Солонгос хэлний орчуулагч нэгэн залуугийн ярианаас манайд их сургуульд сурахын хажуугаар гадныханд биеэ гүнэлдэг 3000 орчим эмэгтэй байдаг аж. Мөнгө хэрэгтэй, амьдрал нь хүндхэн охидыг сонгон элсүүлж, биеийг нь үнэлүүлээд мөнгөнөөс нь тодорхой хувь авдаг бүлэг хүмүүс бий хэмээн тэрбээр баталсан юм.

Судалгаанаас харвал биеэ үнэлэгчдийн 60 гаруй хувийг гадаадын үйлчлүүлэгчдэд "борлуулдаг" аж. Өөрөөр хэлбэл, биеэ үнэлж буй охидыг худалдан авагч гадаад иргэдийн 60 орчим хувь нь хятад, 30 хувь нь БНСУ, 26 хувь нь орос, найман хувь нь япон иргэд байна. Харамсалтай нь тэдгээр охидын олонх нь сүүлдээ энэ ажилдаа дуртай болоод, өөрсдөө хүн элсүүлж эхэлдэг гэнэ.

Монгол охидыг харьд болон эх орон дотроо худалдах гэмт хэрэг газар авсаар, биеэ үнэлэгчдийн тоо нэмэгдсээр буй. Гэвч хүн наймавлах гэмт хэргийг илрүүлэн арга хэмжээ авсан нь бараг үгүй. Худалдагдсан охид сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамтыг насаараа үүрч явах болдог. Хэвлэлээр энэ талаар анхааруулсаар атал бүсгүйчүүд надад ийм зүйл тохиолдохгүй биз гэсэн гэнэн сэтгэлээр ханддаг тухай энэ асуудлаар судалгаа хийдэг байгууллагын ажилтан халаглан ярьж байсан.

Хялбар аргаар их мөнгө олох гэсэн шунал нь хүн наймаалагчдад олз болдог аж. Учир нь гэмт хэрэгтнүүд охидын энэ хүсэлд дөрөөлөн бизнесээ явуулж буй. Тиймээс охид бүсгүйчүүд өөрсдөө энэ тал дээр хянуур хандах нь чухал. Монгол охидыг хил дамнуулан худалдах орны тоо ч өссөөр, одоо тэдний хүрээгүй улс ховор болсон гэх. Монголын ирээдүй болсон охидоо хамгаалж, хүний наймааг таслан зогсоох талаар холбогдох байгууллагууд дорвитойхон арга хэмжээ аваасай.

С.Туул

 
Сэтгэгдэл:


мэдсээр байж очдог нэг бол тэнэг нэг бол дуртай тэгээл болоо өөр юм байхгүү... миа
Бичсэн: Зоригт ван цаг: 20:29, 2011-03-22 | Холбоос | |


гуниглах loser
Бичсэн: Зочин цаг: 20:13, 2011-03-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог