2008-02-26
Хүний наймааны асуудлаар Монгол Улс олон улсын стандарт хангадаггүй
Гадаад хэргийн яаманд баасан гаригт болсон уулзалтын үеэр халуун сэдэв хөндсөн олон асуултыг сэтгүүлчдийн зүгээс холбогдох албаны хүмүүст тавьсан юм.

Тэд ч бүх асуултад тодорхой хариулт өгөв. Сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон асуулт нь хүний наймаа, гадаадын иргэнд монгол хүүхэд үрчлүүлэх, хилийн цаана ял эдэлж байгаа монголчуудын тухай, Малайзид болж буй шүүх хурлын талаар байв. Зарим оронд суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дууссан ч дараагийн томилгоо сунжирч буй, энэ албан тушаал улс төрийн бэлэг болж хувирсан талаар ч сонирхсон. ОХУ-д визгүй зорчих боломж бий эсэхийг ч лавлав.

Визгүй зорчиход алхам алхмаар дөхнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр визийн асуудал хөндөгджээ. Визтэй болгох асуудлыг Монголын тал анх тавьж, Оросын тал саналыг хүлээж авсан түүхтэй. Хэзээнээс эхэлж монголчууд хойд хөршид визгүй зорчих вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй ч бүх хүн визгүй зорчвол ямар бэрхшээл гарах зэргийг судалж, хил орчмын бүс нутгийн иргэд, албан ажлаар яваа хүмүүс зэргээс эхлэн алхам алхмаар дөхөх боломж байгааг Гадаад хэргийн сайд үгүйсгэсэнгүй. БНХАУ 2008 оны олимпийн үеэр монголчуудыг визтэй зорчдог болгох гэж байгаа талаар сураг сонсогддог. Тэгвэл өмнөд хөршөөс ГХЯ-ны шугамаар тийм асуудал огт тавиагүй юм байна.

Малайз руу Консулын газрын дэд захирал явжээ

Монголын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал Малайзид эхэлж, ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Я.Ариунболд түүнд оролцохоор явжээ. Хэргийн захиалагч Багинда өмгөөлөгчөө сольж, шинэ өмгөөлөгч материалтай танилцах хүсэлт тавьснаар шүүх хурлыг хойшлуулахаар болсон бөгөөд хурлын үйл ажиллагаа нэлээд хугацаагаар сунжрах төлөвтэй байгаа аж. Малайз дахь өргөмжит консул маш идэвхтэй ажиллаж байгаад ГХЯ-ныхан талархаж байсан. Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн гэх Багиндагийн шүүх хурлыг сурвалжлахаар Монголоос хоёр сэтгүүлч яваад байгаа талаар “АЭ” мэдээлсэн. Тэнд ажиллаж буй монгол сэтгүүлчдийн хувьд ГХЯ-нд хүсэлтээ тавьж, “Ардчилал” сан ивээн тэтгэж халуун цэг рүү илгээжээ.

Гадаадад Монголын 50 гаруй иргэн ял эдэлдэг

Зохион байгуулалттай үйлдэгддэг ч илрүүлэхэд хамгийн хүнд хэрэг болох хүний наймаа сүүлийн үед сэтгэл зовоох болсон. АНУ-ын Конгрессоор жил бүр энэ асуудлыг хэлэлцдэг бөгөөд Монгол Улс олон улсын стандарт хангаагүй ч хангахыг хичээж байгаа орны тоонд ордог байна. Холбогдох конвенциудад нэгдэж, гадаад улс орон, байгууллагуудтай хамтарч ажиллах нь чухал болохыг Консулын газрын захирал О.Очиржав хэлсэн. Анх удаа БНХАУ, БНСУ-тай хамтарч ажиллах гэрээ байгуулахаар ярилцаж буй аж. Мөн Макао зэрэг газарт консулын төлөөлөлтэй болохоор ярилцаж эхэлсэн байна. Хүний наймааны золиос болж хохирсон иргэдээ буцааж авах талаар анхаарал тавьдаг болжээ. Туркээс 7-8, Бээжин, Эрээнээс буцаж ирсэн хэд хэдэн хүн бий гэнэ. Албан бус мэдээгээр Макаод 1000 орчим монгол эмэгтэй байдаг тухай сэтгүүлч хэлж байсан.

Харин хүүхэд үрчлэх асуудал Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хамаардаг, ГХЯ хуулиар үүнд оролцдоггүй юм байна. Гадаадын иргэд монгол хүүхэд үрчилбэл ГХЯ-ны оролцоо байж болохыг сайд үгүйсгэсэнгүй. АНУ-ын нэг иргэн 2004 онд өнчин хүүхдийг асрах газраас 29 хүүхэд үрчилж авсан ч тэдний хувь заяа хэрхсэн талаар мэдээлэл байдаггүйг сэтгүүлчид сануулж байв. Н.Энхболд сайд үүнийг судалж үзэхийг Консулын газрын захирал О.Очиржавт даалгалаа. Гадаадад Монголын 50 гаруй иргэн ял эдэлж байна. БНСУ-д 14, ОХУ-д 23, Хятадад долоон хүн гэх мэт. Тэдний асуудлыг эрх зүйн зохицуулалтаар зохицуулдаг, Монголын талаас гадаадад хоригдсон иргэдийнхээ ялыг нутагт нь эдлүүлэхээр хөөцөлддөг юм байна. Хамгийн сүүлд л гэхэд Хятадтай хийсэн консулын зөвлөлгөөнөөр энэ тухай хөнджээ. Малайзад дийлэнх нь эмэгтэй 20 гаруй монгол хүн ял эдэлж буй гэнэ.  Консулын газрын дэд захирал Я.Ариунболдод тэдэнтэй уулзаж ирэх үүрэг өгчээ.

Элчин сайд нарт тодорхой хугацаа заадаггүй

Гадаадын хэд хэдэн оронд Монголыг төлөөлөн сууж буй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссан ч дараагийн хүмүүсийн томилгоо сунжирсаар байгаа билээ. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар хүлээсэн, энэ намрын чуулган ч дундаасаа хэтрэх тийшээ явж байна. Харин Гадаад хэргийн сайд энэ талаар “Яг өнөөдөр чамайг томиллоо. Одоо эргүүлж татна гэсэн зүйл байхгүй. Ойролцоогоор гурав орчим жилийн хугацаагаар томилж явуулдаг.

Хугацаа нь дууссан гэдэг сайдууд ямар боловч гурван жилээ гүйцээсэн хүмүүс. Есөн газар гурваас дээш жил ажилласан хүмүүс бий. Намрын чуулганаар тэднийг эргүүлж татах, солих талаар ярихаар төлөвлөж байна. Чуулганы эхэнд Засгийн газрыг огцруулах тухай ярьж, залгуулаад төсөв хэлэлцэж ачаалал их байсан. Элчингүүдийн талаар манай яамнаас санал гаргаж, Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ-д оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилж явуулдаг. Зарим хүнийг улируулж ажиллуулж болно. Тодорхой хугацаа заадаггүй” гэлээ.

Элчин сайдын томилгоог улс төрийн бэлэг болгодог тухай асуудал ч хөндөгдөв. “Хуульд зааснаар бол Элчин сайд нь улс төрийн албан тушаал. Төрийн албыг намын харьяаллаас ангид байлгая гэвэл Дипломат албаны хуульд өөрчлөлт оруулах ёстой. Аль болохоор мэргэжлийн хүн явуулах байр суурьтай. Гэхдээ улстөрч бүр муу хүн байдаггүй. Хэл устай, Монголынхоо нэр нэр төрийг хамгаалаад явах хүмүүс байдаг” гэж сайд тайлбарлалаа.

Д.Оюунцэцэг

 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог