2008-02-26
Хүний наймаачид гудамжнаас охид хулгайлдаг болжээ
Хүн худалдаалах наймааны эсрэг төрийн бус байгууллагууд нэгдэж тэмцэхээр болсон тухай сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр хүн худалдаалах наймааны золиос болсон гэрч ирсэн байлаа. Түүний охин нь энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад алга болжээ. Гарахдаа “Найзтайгаа утсаар яриад одоохон орж ирнэ” гэж хэлсэн аж.

Ээж нь охиноо ирэхгүй удахаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаагийнхан сураг ажиг гаргаж чадаагүй гэнэ. Охины гэрийнхэн Хүн худалдаалах наймааны эсрэг тэмцдэг төрийн бус байгууллагад хандсанаар охиноо 14 хоногийн дараа олсон байна. Хөл нүцгэн, хувцас ч үгүй, зодуулсан байдалтай цус нөж болчихсон олдсон тухай ээж нь нүдэндээ нулимстай ярьж байсан. Охины бие одоогоор тааруу байгаа ажээ. Мөн энэ охинтой нэг өдөр алга болоод олдоогүй байгаа Энхдагина гэдэг охины ээж ирсэн байлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийнхний өмнө гарахыг хүсээгүй юм. Түүний охин нь 11 дүгээр ангид сурдаг байсан гэнэ.

Мөн өмнөх охины адил өнгөрсөн 2-ны өдөр алга болсон юм байна. Түүнийг олохоор хүн худалдаалах наймааны эсрэг төрийн бус байгууллагынхан ажиллаж байгаагаа хэлсэн. Хүн худалдаалах наймааны эсрэг тэмэж байгаа “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.

- Хэзээнээс эхэлж хүүхдүүд алга болж байгаа талаар мэдээлэл ирэх болсон бэ?

- Цагаан сарын өмнөхөн энэ талаархи мэдээлэл, дуудлага авч эхэлсэн юм. Одоогоор 100 гаруй хүүхэд сураггүй алга болсон байна гэсэн тоцоо байгаа. Учир нь энэ тоог нарийн гаргахад хэцүү. Цагдаагийн байгууллага тодорхой хэлэх байх. Саяын олдсон охины хэлж байгаагаар түүнтэй хамт бэлгийн дарамтад өртсөн зөндөө хүүхэд байсан гэнэ.

- Эдгээр алга болсон хүүхдүүдээс олсон уу?

- Одоогийн байдлаар найман охин олдоод байна. Харамсалтай нь нэг охин амиа алдсан хэрэг гарсан. Дорнод аймгаас хотод нэгэн их сургуулийн хоёрдугаар курст сурдаг байсан юм билээ.

Олдсоныхоо дараа зодуурын шархаа даалгүй нас барсан. Түүнийг маш их тамлан зовоож зодож байсан юм билээ.

- Олдсон охидыг хаанаас олсон бэ?

- Олдсон найман охины зургаа нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг айлын хашаанаас олдсон. Харин хоёр нь Дарханаас олдсон. Тийм болхоор энэ хэрэг ганцхан нийслэл хотод гардаг гэж хэлж болохгүй. Хөдөө орон нутагт гарах хандлага их байна. Сүүлийн үед Хөвсгөл аймаг руу аваачиж байгаа гэсэн мэдээлэл ирэх боллоо. Хүн худалдаалах наймааны хэрэг хот дамжаад зогсохгүй улс дамжих аюулд хүрсэн байна.

- Үлдсэн охидыг яаж хаанаас олох вэ?

- Цагдаагийн байгууллагад хандсан. Гэхдээ цагдаагийнхны эрэн сурвалжлах ажиллагаа хэтэрхий удаж байна. Эцэг эхчүүд нь эрэн сурвалжлуулах талаар ЭЦГ-т хандахад цагдаагийн байгууллагаас 30 хоногийн дараа материал нь ирнэ. Тэгээд манайх эрэн сурвалжлах болно гэсэн хариу өгдөг. Гэтэл АНУ-д тухайн өдрөө л эрэн сурвалжилдаг тогтолцоотой. Гэмт хэрэг гарлаа гэхэд тухайн өдрөө л ард түмэндээ дуулгадаг. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Эцэг эхчүүд хүүхдээ алга болохоор дүүргийн цагдаадаа мэдэгдээд болчихдог. Ингэж болохгүй, бүх шатны цагдаад мэдэгдэх ёстой. Онц бөгөөд хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албанд мэдээлэх нь зүйтэй.

- Гэмт хэрэгтнүүдийн талаар ямар нэг мэдээлэл байна уу?

- Хичнээн сүлжээ байгааг хэлж мэдэхгүй. Ямар ч л байсан манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн нарийн сүлжээ бий болсон байна. Дүүргүүдэд гэхэд Булгантамирын, Ким Духаны, Онондоогийн бүлэг гэх мэтчилэнгээр нэртэй устай бүлгүүд байдаг талаар хохирогчид ярьж байна. Энэ гэмт хэргийн цаана томоохон албан тушаалтан, дарга нар ч байгаа. Тэгээд зохион байгуулалттайгаар гудамжинд явж байгаа насанд хүрээгүй охидыг хүчээр машинд чихэж, бэлгийн мөлжлөгт өртүүлэн хүчирхийлэх асуудал жирийн үзэгдэл болоод байна. Эсвэл үүний цаана насанд хүрээгүй хүүхдийг зодож нүдэх садист маягаар бэлгийн таашаал авч, дур хүслээ хангадаг гаж донтой хүмүүс байдаг.

- Тэд эрхтний наймааны золиос болж магадгүй нь гэсэн хардлага ээжийнх нь ярианаас харагдсан?

- Хүнээс цус авах нь эрхтний болон хүний наймааны анхдагч мэдээлэл байдаг. Тиймээс хаа нэг газар явж байхад чинь цусны бүлгийг чинь тогтоож өгье, үнэгүй шинжилгээ хийнэ зэргээр хуурч хүний наймааны золиос болгох тохиолдол ч байна. Тиймээс ингэж хандсан хүнээс болгоомжтой байх хэрэгтэй.

- Түрүүн хүний наймааны гэмт хэрэг телевизийн чаатаар явж байгаа талаар ярьсан. Энэ тухай тодруулж өгөөч?

- Телевизээр явж байгаа чаат нь хүний наймааны нэг сэдэл болж өгдөг. Та бид бүгд л мэдэж байгаа. Тэр телевизийн чаатад тэдээс тэдэн насны охинтой танилцана, яг одоо шоудах охид байна уу, машинтай очоод авна гэсэн зар зөндөө явдаг. Энд тэр хүн хулгайлаад байгаа сүлжээний хүмүүс байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна. Телевизүүд оройн цагаар явуулдаг чаатаа жаахан редакторлох хэрэгтэй байна. Та хүүхдээ гэртээ байгаа гээд санаа амар байх хэрэг байхгүй. Учир нь телевизээр хүүхдийг чинь уруу татах том аюул тэнд явж байна.

Ш.Доржсүрэн
Сэтгэгдэл:


aimaar yumaa . hervee en unen bol estoo aimaar , гайхах
Бичсэн: bolorka83 цаг: 15:01, 2009-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог