2008-02-26
Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг газар авч байна
Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг газар авч, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа талаар хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлж, холбогдох албаны хүмүүс ярьдаг. Тэр ч бүү хэл сүүлийн үед тус гэмт хэргийн хүрээ өргөсөхийн хэрээр насанд хүрээгүй хүмүүс буюу хүүхэд худалдаалах гэмт хэрэг ихсэх хандлагатай болов. Хүүхэд худалдаалдаг гэмт хэргийг үйлдэгчид нь тэдний гэнэн томоогүй байдлыг ашиглан хуурч, залилан хил давуулдаг бөгөөд нэгэнт хил давсан л бол түүнээс цааш юу болох ңь хэнд ч хамаагүй болдог байна.
АНУ-ын Депарментын үзэж байгаагаар жил болгон 700 мянгаас хоёр сая гаруй хүн худалдаалагддаг. Эдгээр хохирогчдын ихэнхи нь хүүхэд, эмэгтэйчүүд бөгөөд Зүүн өмнөд Ази руу 225 мянган эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалагдсан байна. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тоцоолсноор сүүлийн арав гаруй жилд Таиланд руу 80 мянган хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн арилжаанд худалдаалагдаж тэргүүлсэн бол араас нь Мьянмар, Хятадын Юнань муж, Лаос улс ордог байна. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэл ихтэй хүүхдүүдийн тоонд биеэ үнэлэгч охид хамгийн түрүүнд багтдаг. Тэдгээр охидыг нарийн зохион байгуулалттай бүлэг этгээдүүд ашиг олох зорилгоор энэ замд уруу татдаг бөгөөд Тайландад 500-1000 орчим Камбожи хүүхдүүд гуйлгачилдаг аж.
Дэлхийн гэмт хэргийн синдикатууд жил бүр дөрвөн сая эмэгтэйчүүд, хүүхдийг хил давуулан наймаалж долоон тэрбум ам долларын. ашиг олдог гэнэ. Энэ бүхнээс харахад хүн худалдаалах нь олон улсын хууль бус зэвсгийн наймаанаас ч илүү ашигтай байгаа биз дээ. Мөн эдгээр баримт нь тус гэмт хэргийн тархалт дэлхий дахинд хэр хурдацтай байгааг болон манай улсын урд, хойд хөршүүд маань энэ гэмт хэргийн аалзны тор болоод байгааг харуулж байна. Тэгээд ч сүүлийн үед ихээр яригдах болсон манай улс хөрш хоёр улсынхаа хууль бус наймааг дамжуулан өнгөрөөх, хүлээн авах, өөрийн эмэгтэйчүүдийг гадаадад гаргах нөхцөл дээд зэргээр бүрдсэнийг харуулж байна гэж хэлэхэд болохоор болсныг илтгэж байна.
Бага насны хүүхэд болон насанд хүрээгүй хүүхдийг хил давуулан худалдаалдаг хүмүүс тэднийг бараа материал шиг үзэж зөвхөн ашиг хонжоо олохыг хичээдэг. Тухайлбал АНУ-д л гэхэд жилд 14.500-17.500 хохирогч хилээр нэвтэрч ирдэг. Хохирогчдын ихэнхи нь өсвөр үеийнхэн болон 12 хүртэлх насны багачуул байдаг бөгөөд хохирогчид бусдад худалдаалагдсаар бие сэтгэл болон эрүүл мэндээр маш их хохирдог. Бүр зарим нэг нь зодуулснаас болж хүнд бэртэж, шархаа даахгүй амиа алдах, насан туршдаа тахир дутуу болдог аж.
Бага насны хүүхэд, насанд хүрээгүй охидыг хил давуулан худалддаг гэмт хэргийн тухай хийсэн холбогдох ажилтан, мэргэжилтнүүдийн судалгаанд, хүн амын олонхийг хамарсан ажилгүйдэл, ядуурал, охид, эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдал газар авсан. Залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж, иргэд олноор гадаадад ажиллаж, цагаачлах болсноос бага насны хүүхэд болон насанд хүрээгүй охид хараа хяналтгүй зугаацах, гэртээ очих сонирхолгүй болж гадуур тэнэх. Охид эмэгтэйчүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох сонирхол ихэдсэн зэргээс болж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх таатай хөрсийг бүрдүүлдэг гэж гарсаң байх юм. Мөн халамжийн төвд амьдардаг хүүхдүүдийн талаар иж бүрэн бүртгэл хяналтгүйгээс хуучин халамжийн төвийн хүүхдүүд хаана байгаа нь тодорхойгүй болсноос энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид болох эрсдэл өндөртэй гардаг байна. Хүүхэд худалддаг гэмт хэрэгтнүүдийн эсрэг хууль, цагдаа, тагнуулын байгууллагууд хамтран ажиллах болсноос хүний наймаачид аргаа нарийсгаж байгаа аж. Тэд монгол хүүхдүүдийг үрчилж авч байгаа дүр үзүүлж, далдлан хийж байж болох талтайг хууль хяналтын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Тиймээс гадаадын иргэнд үрчлүүлсэн хүүхдүүдийн бүрэн тайлан авах журам боловсронгуй бус, тайланг тухай бүрт нь авдаггүйгээс энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд олноор өртөх магадлал өндэр байж болох талтай. Сүүлийн үед хөвгүүдийг дотоод, гадаадад аваачиж хүчээр хулгай, дээрэм хийлгэж хүүхдийн эд эрхтэнийг наймаалах замаар ашиг олдог тухай эх сурвалжууд мэдээлдэг. Монгол улсын Эрүүгийн хуулинд хүн худалдсан, авсан этгээдүүд цуг байгаа, илэрсэн нөхцөлд хэргийг шийдвэрлэдэг нь сөрөг үр дагавар учруулдаг аж.
Мөн хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгйин зорилгоор ашиглах асуудлыг шалгах бэлтгэгдсэн мэргэжилтэн, мэргэшсэн ажилтнууд, тусгайлсан тасаг байдаггүй нь хохирогчдыг хуулийн байгууллагад хандахаас татгалзахад хүргэдэг байна.
Бурхан хүнийг бүтээхдээ өөд нь харуулж хатгасан зүүн дээр шар будаа асгадаг. Харин тэр асгасан шар будаанаас зүүний үзүүр дээр ганцхан ширхэг нь тогтож үлддэг бөгөөд энэ үед дэлхийд нэг хүн төрж байдаг гэсэн домог байдаг. Тиймээс хорвоо дээр хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Харин энэ хувь заяагаа авч явж чадна гэдэг хамгийн хэцүү нь байдаг гэж дунд сургуульд сурч байхдаа уншиж билээ. Хүн болж төрсөн нь бурхны бэлэг бол бурхнаас заяасан бэлгийг хэн ч худалдаалах ёсгүй. Хэрэв ийм үйлдэл хийж байгаа бол тэр адгийн амьтан юм.
Сэтгэгдэл:


уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах
Бичсэн: Зочин цаг: 11:28, 2009-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог