Хүн худалдаалах явдал нь хохирогчдыг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байдаг өсөн нэмэгдэж буй гэмт хэрэг юм. Энэ гэмт хэрэг дэлхийн бүх бүс нутаг, ихэнхи оронд тохиолдож байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь энэ гэмт хэргийн хохирогч болж болох боловч дэлхий нийтээр эмэгтэйчүүд охидыг их хэмжээгээр худалдаалдаг ба тэдний дийлэнхи нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагдаж байдаг. Эмэгтэйчүүд ядуурал, ялгаварлалд ихээр өртсөнөөс хөдөлмөрлөх, боловсрол эзэмших, болон бусад боломжийг хүртэхэд саад бэрхшээлтэй байдаг тул хүний худалдаачдын бай болж байна.
Төв, Зүүн Европ, ТУХН-ийн орнууд болон дэлхийн бусад орнуудын эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар эмэгтэйчүүдийг арилжааны секс үйлдвэрлэлд худалдаалан оруулж байгааг хүний эрхийн болон хүйсийн эсрэг зөрчил хэмээн үздэг. Түүнчилэн, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос (НҮБХЭДК) энэ асуудлыг хүний эрхийн талаас нь дэлхий нийтийн хэмжээнд шалгахын тулд Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах явдлын талаар тусгай судлаач -ийг томилсон. Хүн худалдаалах хэргийн хохирогчдын хүний эрх зөрчигдөж байгаад анхаарах, худалдаалагдсан хүмүүсийн эсрэг хүчирхийллийн талаар арга хэмжээ авах, тухайн нөхцөл байдлыг судалж, худалдаалах явдлаас урьдчилан сэргийлж тэмцэх талаар зөвлөмж өгөхийн тулд улс орнуудад очиж ажиллах, өөрийн ажлыг жил бүр Комисст тайлагнаж байх зэрэг ажлууд Тусгай судлаач -ийн бүрэн эрхэд багтдаг. Тусгай судлаач Сигма Худа хоёр тайлан гаргаад байна. Эхнийх нь “Эмэгтэйчүүдийн хүний эрх, жэндэрийн асуудлын уялдаа холбоо” гэсэн нэртэй ба хүний худалдаанд “хууль, дүрэм журамд гарч буй асуудал” гэж хандсаар байгаа болон худалдаалах гэмт хэрэгт хүний эрхийн зөрчил яаж гардгийг тайлбарласан байна. Нөгөө нь Босни ба Герцеговина-д ажилласан тайлан. Эмэгтэйчүүдийг худалдаалах явдал нь эмэгтэйчүүд гадаадад гарч ажиллах хүсэл шийдвэр гаргаж байгаатай холбогдон түүнийг ашиглан явагдаж байгаа маш нарийн төвөгтэй хэрэг юм. Үүний дотроос олон оронд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл ханамжтай ажиллах бололцоо муу байдгаас эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд ордог нь хамгийн том хүчин зүйл юм. Эмэгтэйчүүд ажил, ажлын зөвшөөрөл, виз болон бусад аяллын баримт бичиг олж авахын тулд бусдын туслалцаа эрж явж хүний худалдааны золиос болдог. Худалдаалагчид эмэгтэй хүний энэ эмзэг нөхцөл байлыг сайн мэддэг ба сайн цалинтай сайхан ажил олж өгнө гэж хууран мэхэлж гэмт хэргийн сүлжээнд татан оруулдаг. “хүний худалдааг эдийн засгийн глобалчлалын нөхцөлөөс үүдэн улс орны хооронд болон дотоод дахь ихсэж буй хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, эмэтгэйчүүд ихээр шилжин нүүж буй, зэвсэгт мөргөлдөөн, улс орон салан тусгаарлах буюу шинээр улс орон үүсэн байгуулагдах, олон улсын улс төрийн хил хязгаар өөрчлөгдөж байгаа зэрэг олон асуудлын хүрээнд авч үзэх нь зүйтэй” гэж Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар тусгай судлаач байсан Радика Кумарасвами тэмдэглэсэн байна.
ТЗЕ болон ТУХН-ийн орнуудын эмэгтэйчүүд дэлхий даяар албан ба албан бус олон сувгаар худалдаалагдаж байна. Зарим тохиолдолд эмэгтэйчүүд биеэ худалдахаар явж байна гэдгээ мэддэг боловч тэнд хүн худалдаалах бизнесийн ямар хүнд нөхцөл хүчирхийлэл хүлээж байдаг талаар мэдэхгүй явдаг. Бусад эмэгтэйчүүд гадаадад, бүжигчин, зөөгч, асрагч хийлгэнэ гэсэн зарлалын дагуу очоод хүсэл зоригийнхоо эсрэг барьцаалагдаж, биеэ үнэлэх, бэлгийн боолчлолын замд ордог. Очиж байгаа улс оронд тэд бие махбодийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд автаж, хүчиндүүлж, зодуулж, шоронд орж хамгийн хүнд хүнд хүчир дарлалыг амсдаг.
Олон улсын хуулийн дагуу, төр засгаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдээ хүн худалдаалах гэмт хэргээс хамгаалах үүрэгтэй. Асуудлыг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг судлан хохирч болзошгүй хүмүүст энэ асуудлын талаар мэдлэг олгох зэрэг ажил нь эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт зайлшгүй чухал. Төрийн болон төрийн бус хөтөлбөрүүд энэ хэрэгт хэн хохирч болзошгүй байдгийг судлан тэдгээрт гадаад оронд өөрсдийгөө эрсдэлд учруулахгүйгээр ажил олж хийж болох арга замуудыг зааж сургах нь зүйтэй. Түүний зэрэгцээ эмэгтэйчүүдийг худалдаалах хэрэгтэй тэмцэхэд хөдөлмөрийн зах зээл дээрхи хүйсийн тэгш бус байдлыг арилгах алсын хараатай хөтөлбөр хэрэгцээтэй байна. НҮБХЭДК-оос 2002 онд “Хүний эрх ба хүн худалдаалах хэргийн талаар зөвлөмж болгож буй зарчим удирдамж” гэсэн тайлан гаргасан. Энэ тайланд хүний хэрэгцээ шаардлага дээр дөрөөлөн хүн худалдаалах хэрэг гардаг гээд “ Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх стратегийг боловсруулахдаа хэрэгцээ шаардлага ийм хэргийн үндэс болоод байгааг анхаарах нь зүйтэй. Тэгш бус байдал, ядуурал, ялгаварлал болон шударга бус байдлын бүх хэлбэрүүд нь хүн худалдаалах хэрэгт өртөмтгий байдлыг хэмэгдүүлж байдаг хүчин зүйл болохыг төр засаг анхааралдаа авууштай” гэж үзжээ.
Хүний худалдаатай тэмцэх цогц стратегид хохирогчдын аюулгүй байдлыг хангах асуудлыг онцолж үзэх нь зүйтэй. Эх орондоо буцаж ирсэн ийм гэмт хэргийн хохирогчидтой ажилладаг ТББ ба төрийн байгууллагууд тэдгээр эмэгтэйчүүд эргээд хөлөө олоход асар их бэрхшээлтэй тулгардаг гэдгийг мэдэж байх шаардлагатай. Энэ төрлийн хэргийн хохирогчдод бие сэтгэлийн эмчилгээ, ажлын байрны сургалт, хөдөлмөр эрхлэлтийн асуудлууд, орон сууцны асуудал үр хүүхдээ асран хүмүүжүүлэх гээд асар олон хэрэгцээ шаадлагатай үүсдэг .