2008-02-26
Биеэ үнэлэгчид жуулчдын дүрд хувирч харийг зорьж байна

Хүн худалдаалах гэмт хэрэг манайд энгийн үзэгдэл боллоо гэж үү. Энэ талын жишээг холоос хайх хэрэггүй. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат гурван охиныг нэгэн эмэгтэй хилээр гарган худалдахаар явж байсан ноцтой гэмт хэргийг дурдаж болох. Дөнгөж амьдралын захаас амталж яваа 10 гаруйхан насны охидыг хаа холын харийн хүнд тоох ч үгүй хэдэн халтар төгрөгнөөс худалдчихдаг хүн чанараа уландаа гишгичихсэн хүмүүс байх. Ийм хэрэг үйлдэж байгаа хүмүүс ихэвчлэн / одоогоор мэдэгдэж байгаа нь л/ өмнө нь өөрсдөө бусдын нударга доор биеэ худалдаж байсан хүмүүс байх нь олонтаа байхыг яана. Монголчуудын дунд хэлэгддэг нэгэн хэлц үг байдаг. Биеэр эдэлж мэдэрсэн зовлонг бусдад бүү хүргэ гэж. Харамсалтай нь манай өнөөгийн нийгэмд энэ үг эсрэгээр эргэсэн байх нь олон. Үүний нэг жишээ нь эдгээр биеэ үнэлэгчид байгаад сүүлд нь зуучлагчид болсон хүний адгууд. Мөнгө улаан болсон эдгээр хүмүүст амьдрал мэдэхгүй арван хэдхэн настай аав ээжийнхээ өврөөс ч гараагүй охид, дутуу гуцуу амьдралаас болж хүсээгүй зүйл рүүгээ хальтарч орох нь их. Тэдэнд бэлэн амьдрал, бөөн мөнгө амласан сайхан зантай ах, эгч нарын бурам шиг үг ард нь эдлэх амьдын тамыг сүүдэртүүлж нуучихдаг болохоор хөшигний цаагуур өнгийж үнэнийг харах нь ховор. Харин өнгөрсөн хойно нь амаа барьж, тэр л өдөр дутуу гуцуу хэмээн адалж, гоморхож байсан амьдрал нь аз жаргал байсныг мэдрэх нь гашуун. Манай улсад өнгөрсөн онд 150 гаруй хүүхдийн биеийг хүчээр үнэлүүлсэн тохиолдол гарсныг Засгийн газраас албан ёсоор баримтжуулан тогтооосон байна. Үүнээс гадна насанд хүрээгүй хүмүүс болон эмэгтэйчүүдийг садар самуунд уруу татан оруулах зорилгоор өөрийн улсдаа наймаалах асуудал ч нэлээд газар авах хандлагатай болж байгаа гэнэ. Мөн Монгол Улс нь эмэгтэй, эрэгтэй, хүмүүсийн биеийг үнэлүүлэх, албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор наймаалах гэмт хэргийн эх сурвалжийн орон болж байгаа талаар ч мэдээлэл гарах болсон. Монгол охид, эмэгтэйчүүдийг Хятад, Макао, Өмнөд Солонгос зэрэг улс руу биеийг нь үнэлүүлэх, хүчээр ажил хийлгэх зорилгоор худалдаалж байгаа талаар ч хэвлэл мэдээллээр багагүй сэрэмжлүүлэх болсон. Тэр бүү хэл Унгар, Польш, Зүүн Европын бусад орнууд болон Франц, Герман руу монгол эмэгтэйчүүдийг наймаалсан тухай яригдах болсон талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Мөн гадаадын улс оронд ажиллаж, амьдарч байгаа монгол эрэгтэйчүүд хүн наймаалах гэмт хэргийн хүнд хэлбэр болох сайн дурын бус албадан хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолтод тохирохуйц мөлжлөгийн нөхцөлд ажиллаж байгаа гэхэд та итгэх үү.
АНУ-ын Төрийн Департаментийн хүн наймаалах асуудалтай тэмцэх болон мониторингийн албаны ерөнхий зохицуулагч ноён Тейлор энэ сарын 25-29-ний өдрүүдэд манай улсад ажиллажээ. Тэрбээр Монголд хүн наймаалах зүй бус наймаа хэрхэн тархаж байгааг болон орчин үеийн боолчлолын хүнд хэлбэр болсон энэхүү гаж үзэгдэлтэй тэмцэх талаар манай Засгийн газрын төлөөлөгчид болон төрийн бус байгууллагынхан хэрхэн тэмцэж байгааг судалсан байна. Ноён Тейлор хүн наймаалах гэмт хэргийн асуудлаар манай улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх баригчидтай уулзаж ярилцсан аж. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд хэлэхдээ, “Танай улсын Засгийн газар гадаад болон дотоодод хүн наймаалах асуудалтай холбоотой асуудалд нэлээд нухацтай хандаж байгаа болон Засгийн газрын хүрээнд эрчимтэй ажиллаж байгаа юм билээ. Үүнд 2005 онд МУ-ын Засгийн газраас батлагдсан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг , наймаалах болон бэлгийн мөлжлөгт автуулахын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг дурдаж болох юм. Тиймээс энэ ажлын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг нэгтгэн чангатгах хэрэгтэй байна. Гэхдээ олон ажил хийж байгаа гээд тайвширч болохгүй юм. Сүүлийн үед хүн наймаалах гэмт хэрэг нь олон хэлбэртэй болж байна. Нэг үгээр хэлбэл хууль бус наймаа хийгчидтэй тэмцэх тусам тэдний аргачлал улам нарийсч байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс Монголын Эрүүгийн хуулийг улам боловсронгуй болгож, гэмт этгээдэд оноох хуулийн хариуцлагыг чангатгаж, хүн наймаалахтай тэмцэх эрх зүйн бололцоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Монголын Засгийн газрын албадууд монголд хүн наймаалах асуудал байгаа тухай сайн мэддэг юм байна. Гэсэн хэдий ч аюулгүй байдал, хүний эрхийг хяналтандаа авч хамгаалахад эрх зүйн хэрэгслүүд дутмаг байдаг нь ажиглагдаж байна. Монгол улс өөрийн хууль дүрмийг олон улсын хүн наймаалах асуудлын эсрэг хууль дүрмүүдтэй нийцүүлэхийн төлөө ажиллаж Хүн наймаалахын эсрэг НҮБ-ын протоколыг соёрхон батлана гэдэгт итгэлтэй байна гэсэн. Хүн наймаалах нь дэлхийг хамарсан асуудал бөгөөд үүнд ямар ч хил хязгаарын зааг болон хүлээх хариуцлага гэж үгүй юм. Тиймээс зөвхөн сайн зохион байгуулалттай Засгийн газрын агентлагуудын болон хөрш зэргэлдээ орнуудын хамтын ажиллагаа хамгийн үр дүнтэй тэмцэл байдаг хэмээн ноён Тейлор сэтгүүлчидтэй уулзахдаа онцгойлж байлаа. Манай улсын Засгийн газраас хүн наймаалах гэмт хэрэг нь бодит асуудал болоод байгааг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байна. Мөн энэ асуудлаар ганцхан Засгийн газар тэмцэх бус бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж нь илүү үр дүнтэй байгаа аж. Энэ талаар уг ажлын чиглэлээр судалгаа хийж буй байгууллагууд Засгийн газраас хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хатуу чанга бөгөөд иж бүрэн хуультай болж, ийм хэрэг үйлдэгсдийг баривчилж, ял шийтгэл оногдуулах. Мөн хохирогчдыг хамгаалах арга хэмжээ авахад чиглэгдэх хэрэгтэй байгаад нэгдэж байсан юм. Хүн наймаалсан гэмт хэрэгтэнд ял шийтгэл оногдуулах нь зайлшгүй. Өнөөдөр манайд мөрдөгдөж байгаа “Монгол Улсын Эрүүгийн хууль” болон “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д хүн наймаалах, бусдын биеийг нь албадан үнэлүүлсэн тохиолдолд 15 жил хуртэлх хугацаагаар хорих ял оногдуулах тухай хуулийн заалт байдаг. Гэтэл энэ төрлийн гэмт хэргийн талаар ярьж эхэлсэн цагаас өнөөг хүртэл хуулийн байгууллагаас хүний наймаатай холбоотой таван гэмт хэргийг шалгаснаас 2002 онд өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн Хүн наймаалах гэмт хэргийн тухай зүйл ангийн дагуу нэг л хүнд ял оногдуулсан байх юм. Хүн наймаалах гэмт хэрэгт холбогдуулан баривчлах, шалгах, ял шийтгэл эдлүүлэхийн тулд нотлох баримт, мэдээллийг хангалттай цуглуулах нь чухал. Тэр бүү хэл зарим нэг орон нутгийн албан тушаалтнууд хүн наймаалах бизнесээс ашиг олж байгаа тухай мэдээ байдаг тухай чих дэлсэх болов. Харамсалтай нь хүн наймаалах гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтныг шалгаж, шүүхээр оруулж шийтгэл оногдуулсан талаар ямар нэг мэдээлэл байдаггүй гэсэн.

Х.Санаа

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог