2008-02-26
Өрийн боолчлол ба эмэгтэйчүүдийг худалдах хэрэг

Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол-д заасан хүн худалдах хэргийн тухай тодорхойлолтонд өрөнд боолчлол нь мөлжлөгийн нэг хэлбэр гэдгийг тодорхой заагаагүй юм. Гэхдээ Протоколд “хүчээр ажил үйлчилгээ хийлгэх, боолчлох болон түүнтэй төстэй үйл ажиллагаа болон зарцлахыг” хориглосон. Эдгээр томъёолол нь НҮБ-ын урьд өмнө гарч байсан гэрээнүүдэд заагдсан байдаг. Жишээ нь : НҮБ-ын 1927 оны Боолчлолын эсрэг конвенц-д “бусдын өмчлөлийн эрхтэй холбогдсон аливаа болон бүх эрх мэдэлд байгаа хүний нөхцөл байдал буюу статус”-ыг “боолчлол” гэнэ гэж тодорхойлсон. Боолчлол, боолын худалдаа, боолчлолын байгуулал болон үйл ажиллагааг устгах тухай конвенцийн нэмэлт-д  өрийн барьцаа болгон өөрөө биеэр болон өөрийн халамжинд байдаг бусдаар ажил үйлчилгээг хийх, мөн ийм ажил үйлчилгээг өр дарахуйц байдлаар зохистой үнэлээгүй бол, мөн ийм ажил үйлчилгээний үргэлжлэх хугацаа, шинж байдлыг тогтоож тодорхойлоогүй бол "өрийн боолчлол” гэнэ гэж заажээ. Өрийн барьцааны талаар энэ тодорхойлолтыг үндэсний хууль тогтоомжинд ч авч хэрэглэсэн байдаг. Жишээ нь: АНУ-ын Хүн худалдаалах ба хүчирхийллийн хэргийн хохирогчдыг хамгаалах 2000 оны хууль-нд яг ижил томъёоллоор орсон байгаа. Мөн 2002 онд шинэчлэн найруулсан Молдова улсын Эрүүгийн хуулийн 165-р зүйлд, хүн худалдаалах хэргийн эсрэг заалтанд “хүч хэрэглэхээр заналхийлэх буюу хүчээр авч явах, баримт бичгийг хураан авах, өрийн эргэн төлөлтийн хэмжээг тогтоолгүйгээр өр төлүүлэх нэрээр зарцлах зэргээр хүний амь нас эрүүл мэндэд аюул учрахааргүй байдлаар бие махбодь сэтгэлзүйн хүчирхийлэл хийх” гэж оруулсан байдаг.

2003 онд гарсан Хүн худалдаалахтай тэмцэх АНУ-ын Төрийн департаментийн Жишиг хууль-д өрийн боолчлол ба хүн худалдаалах хэргийн хоорондын холбоог тодорхой зааж өгсөн. Ингэхдээ уг хуульд өрийн боолчлолыг тодорхойлохдоо НҮБ-ын Конвенцийн нэмэлтэд тодорхойлсон томъёоллыг ашигласан байдаг.

Эмэгтэйчүүдийг худалдаалах хэргийн хүрээнд, худалдаачид эмэгтэйчүүдэд зорчих, хууль бусаар хил давж нэвтрэх, ажил олж өгөх (ихэнхидээ биеэ үнѭлэх) зэргээр туслаад дараа нь хийсэн үйлчилгээний зардлыг “ажиллаж төл” гэж шаарддаг. Эмэгтэйчүүд худалдаачдад төлөх ёстой гэх өрөө эргэн төлж чадахгүй учраас ийм нөхцөлд жинхэнэ хоригдол болж хувирдаг. Худалдаалагдсан эмэгтэйчүүдийг алдахгүйн тулд өрийн боолчлолд оруулах, бичиг баримтыг нь хурааж авах, өөрсдийн нь болон гэр бүлийн нь эсрэг хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх байдлаар барьж байдаг. Хүний эрхийн ажиглагчийн 2002 оны 11 сарын тайлан, (АНУ дахь ТББ), Алдарсан итгэл: Дайны дараахи Босниа Герцеговинад эмэгтэйчүүд охидыг хүчээр биеийг нь үнэлүүлэхээр худалдаалж байгаа нь , -д доорхи мэдээлэл байгаа. Үүнд:

Өрөө төлсний дараа олсон орлогынхоо 50%-ийг авч байж болно гэж эзэд нь амладаг боловч хэрэг дээрээ ийм байдал тун цөөн. Зарим тохиолдолд эзэд нь эмэгтэйн өрийн боолчлолын хугацааг сунгах буюу эсвэл зүгээр л орлогын хувийг өгөхөөс татгалздаг. “Биднийг энд ирэхэд эзэн бидэнд та нарыг худалдаж авсан учраас ажиллаж өрөө төлөх ёстой гэсэн… Бид явж чадаагүй. Өрөө төлж дууссаны дараа дахиад 3-сарын 8 хүртэл 3 сар ажиллаад гүйцээ гэсэн. Түүний дараа ч бид ажилласаар байна” гэж Украинаас Боснид худалдагдаж ирсэн А.А гэгч эмэгтэй ярьсан байна.

Зарим барын эзэд зөөгчид өгсөн гар цайлгах мөнгийг өөрсдөө авч болно гэж хэлдэг. Гэвч олонхи тохиолдолд эзэд ямар нэг шалтгаанаар торгууль тавиад л эмэгтэйчүүдэд орж ирсэн жаахан мөнгийг нь татаад авчихдаг. Торгууль тавих, цагаан хэрэгсэл хүнс хүчээр авахуулах, эсвэл өөр аргаар мөнгийг нь татсаар эцсийн дүндээ эмэгтэйчүүд олсон мөнгөгүй хоцордог.  1998 онд Украинаас Боснид худалдагдаж ирсэн ДД “Би ямар ч мөнгө олж чадаагүй. Би Шармант баранд орлого олж байсан. Гэвч эзэн нь өчүүхэн шалтгаан гаргаж торгууль тавьсаар байгаад хэмнэсэн 300 дойч маркийг минь надаас авчихсан” гэж Хүний эрхийн ажиглагчид ярьжээ.

Худалдаалагдсан хүмүүст үйлчилгээ үзүүлдэг La Strada гм байгууллагын төлөөлөгчид хүн худалдаалах хэрэгт өрийн боолчлолын хүчин зүйлийг таньж мэдэх шаардлагатайг тэмдэглэжээ. Хааяа орон нутгийн хууль хяналтын байгуулагууд янхны газарт шалгалт хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүн худалдаалах хэргийн хохирогчдыг олж авдаг. Шууд хүн худалдаалагдсан гэдэг нь илэрхий бус байж болох ч өрийн боолчлол нь хүн худалдаалах хэргийн нэг элемент учир хууль хяналтын байгууллагууд тэдгээр эмэгтэйчүүд өрийн боолчлолд байгаа эсэхийг сайтар нягтлан үзэх хэрэгтэй байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог