2008-02-26
Хүн худалдаалах хэргийн талаархи нийтлэг тодорхойлолт.Хүн худалдаалах асуудал гэж юу вэ?

Эмэгтэйчүүдийг худалдаалах асуудлаар олон улс, бүс нутаг, үндэстний хэмжээнд арга хэмжээ авсаар байна. 2000 оны 10 сард Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол гархаас өмнө олон улсын гэрээнүүд хүн худалдаалах нь бэлгийн ажлын бүх хэлбэрийг хамаардаг эсэх талаар тодорхойлолт буюу тодруулга хийлгүйгээр энэ асуудалд ханддаг байсан. Жишээ нь: Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхлын бүх хэлбэрийг устгах тухай конвенц –ийн 6-р зүйлд "Эмэгтэйчүүдийг худалдаалах, биеийг нь үнэлүүлэн мөлжих бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд талууд хууль тогтоомж гарган шаардагдах бүх арга хэмжээг авна" гэж заасан байсан.

Хүн худалдаалах гэдгийг яаж тодорхойлох талаар олон улсад зөвшилцөл бага байсан. Тиймээс тухайн үед гарч байсан гэрээнд эмэгтэйчүүдийг худалдаалах гэдгийг эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалдах гэсэнтэй ойролцоо утгаар ойлгодог байсан. Сүүлд “худалдаалах” гэдэг нэр томъёог эдийн засгийн зорилгоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хууль бусаар хил давуулах гэж ойлгож байв. 1990-ээд оны сүүлээр Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас "олон янзын тодорхойлолт гарч байгаа ч “хүн худалдаалах” асуудал нь 2 гол бүрдэл хэсэгтэй байна. Үүнд: хүмүүсийг олж тээвэрлэх ба хүчээр хөдөлмөрлүүлэх буюу боолчлох (хэрэг хийсэн ба завдсан)...гэдэг дээр зөвшөөрөх хандлага өсч байна. Түүнчилэн үүнд хууран мэхлэх ба дарамтлах үйлдлүүд ордог талаар шинжээчид зөвшөөрсөн юм." гэж заасан юм. Хүн худалдаалах: Implications for the OSCE, ODIHR Background paper, 1999/3.

Хүнийг, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийг худалдаалах хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнд шийтгэл ногдуулах талаархи НҮБ-ын Протокол –оор энэ гэмт хэргийг хэрхэн тодорхойлох асуудал олон улсын хэмжээнд анх удаа нэг мөр зөвшилцөлд хүрсэн баримт бичиг болсон. Уг Протоколд Мөлжлөгийн зорилгоор бусдыг эрхшээлдээ зөвшөөрүүлэн авахын тулд олж элсүүлэх, тээвэрлэх, шилжүүлэх, орогнуулах хүлээж авах, заналхийлэх, хүч хэрэглэх болон бусад дарамтлалын хэлбэр ашиглах, хүчээр авч явах, залилах, хуурах, эрх мэдлээ урвуулан ашиглах, шан харамж өгч авалцахыг “хүн худалдаалах” гэнэ. Мөлжлөг гэдэгт бусдын биеийг үнэлүүлэн мөлжих, бэлгийн мөлжлөгийн бусад хэлбэрүүд, хүчээр ажил үйлчилгээ хийлгүүлэх, боолчлох болон түүнтэй төстэй үйл ажиллагаа болон зарцлах, хүний эрхтнийг авах зэрэг орно гэжээ.

Дээр дурьдсан арга хэрэглэсэн буюу хохирогч нь хүүхэд бол тухайн хэрэгт хохирогч өөрийн зөвшөөрлөөр оролцсон эсэхийг авч үзэхгүй” гэж Протоколд нэмж заажээ.

Протоколын тайлбар бичиг-т “эмзэг байдал” гэдгийг “тухайн хүн дарамт доромжийг хүлээж авахаас өөр бодитой боломжтой сонголт байхгүй болсон аливаа нөхцөл байдал” гэж тодотгосон байна. Цаашлаад эмзэг байдалд орсон хүн худалдаалагдах замаар мөлжигддөг тул энд “зөвшөөрсөн” тухай ярих ч зүйл байхгүй гэжээ. Эцэст нь тухайн улс орнууд өөр өөрийн хуулийн дагуу тайлбарлаж тодорхойлох тул Протоколд “бусдын биеийг үнэлүүлэн мөлжих” ба “бэлгийн мөлжлөгийн бусад хэлбэр” гэсэн нэр томъёог зориуд тодорхойлолт хийлгүй орхисон болно гэж Тайлбар бичигт өгүүлсэн байна. Боловсруулах явцад секс үйлдвэрлэлийн ажлын талаар Протоколд хэрхэн заах, Протоколыг оролцогч талууд өргөнөөр батлахын тулд үг хэллэгийг хэрэглэх асуудал дээр өргөн хэлэлцүүлэг явагдсан. Протоколыг соёрхон баталсанаас хойш түүнд заасан хүн худалдаалах хэргийн тодорхойлолтыг бусад баримт бичиг ч ашиглах болсон юм. Хүн худалдаалахтай тэмцэх талаар ЕХ-ны Зөвлөлийн 2002-7-19-ний шийдвэр ч Протоколтой адилавтар тодорхойлолт хийсэн ба Хүн худалдаалахтай тэмцэх АНУ-ын Төрийн департаментийн Жишиг хууль ч хүн худалдаалах ажлын шат дамжлагыг тодорхойлохдоо НҮБ-ын тодорхойлолтыг үндэслэсэн байдаг. Энэ нь эмэгтэйчүүд, хүүхэд, иргэдэд хүн худалдаалах хэргийн нийтлэг шинжүүдийг таниулан мэдүүлж ажилладаг ТББ-уудад ч тустай юм. Энэ асуудлаар ажилладаг хуульчдад хэрэгтэй байж болохуйц хэд хэдэн шинжүүдийг Amnesty International байгууллагаас тодорхойлсон байдаг. Үүнд:

Өөрийн оршин суудаг газраас улсын хил даван шилжин худалдаалагдаж байгаа хүмүүсийн нийт тоонд эмэгтэйчүүд зонхилох хувийг эзэлдэг;

Эмэгтэйчүүдийн хууль бус шилжилт хөдөлгөөн нь “худалдаачдын” зохион байгуулалтаар хийгдэж байдаг. Хүний худалдаачин гэж хүмүүсийг хууль бусаар шилжүүлэн явуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэж, бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлж байдаг хүмүүсийг хэлж болно.

Худалдаалагдсан эмэгтэйчүүдийн дийлэнхи нь хил дамжин гарсныхаа үр дүнд өрөнд баригдах, зарцлагдах, боолчлогдох нөхцөлд ордог.

Эмэгтэйчүүдийг “сайн дураар” ч бай, “хүчээр” ч бай сексийн үйлдвэрлэлд ажиллуулах хэрэгцээ шаардлага их байдаг нь тэднийг худалдаалагдахад хүргэж байгаа нэг хөдөлгөгч хүч юм.

Секс үйлдвэрлэлд ажиллуулахаар худалдагдсан аливаа эмэгтэй хүн худалдагдсанаас шууд үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн субъект болно.

Худалдаалахтай холбоотой хүний эрхийн зөрчил эмэгтэйчүүдийн өөрсдийн нь нутаг оронд хамгийн бага гарах ба шилжин явах үед зөрчил гарч эхлээд очих газраа хүрсэний дараа хамгийн ихээр гардаг.

Эмэгтэйчүүдийг худалдаалах явдал худалдаачдад санхүүгийн асар их ашиг авчирдаг учир энэ гэмт хэрэгт олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн хэлбэрт улам бүр шилжин орж байна.

Хуучин ЗХУ-д багтаж байсан орнуудаас Израилийн секс үйлдвэрлэлд худалдагдсан эмэгтэйчүүдийн өртдөг хүний эрхийн зөрчлүүд, Amnesty International, 2000-5-18, AI Index: MDE 15/17/00.

Сэтгэгдэл:


sad
Бичсэн: Зочин цаг: 20:13, 2009-04-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог