2008-02-26
Мэдээлэл дутуу байдгийн улмаас хүн наймаалах гэмт хэрэг даамжирч байна
Хүйсийн Тэгш Байдлын Төвийн захирал Г.Ганбаясгах, "Хүн хил дамнуулан наймаалах гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдлэг дутмаг, хэвлэл мэдээллээр явуулах мэдээ нь буруу байдаг нь энэ гэмт хэргийн хохирогч болох магадлалыг нэмдэг" гэж Баасан гаригт сэтгүүлчдэд зориулсан сургалтан дээр хэллээ.

Мөн тэрээр, "Хүн наймаалах гэмт хэргийн Монголд байгаа бүх хохирогчид анх зуучлах хүмүүсийн худал мэдээлэлд хууртагдсан хүмүүс байдаг" гэж ярьсан юм.

Хүйсийн Тэгш Байдлын Төв нь хил дамнан наймаалагдсан хохирогчдын талаар бүрэн дүүрэн судалгаа хийж буй анхны байгуллага бөгөөд энэ ажлаа 2 жилийн өмнөөс эхэлжээ. Тус байгууллага энэ төрлийн судалгааг дотооддоо хийснээс гадна, Хятад, Макао дахь хохирогчдоос ярилцлага авч, судалгаа хийж байсан байна.

"Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн ихэнх нь бэлгийн мөлжлөг гэж юу болох, хил дамнуулан хууль бусаар хүн наймаалах хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Мөн тэднийг худалдан авч байгаа орны талаар ямар ч ойлголт байгаагүй бөгөөд тухайн улс дахь Монгол улсын консулын газартай хэрхэн холбоо барих, ЭСЯ нь хаана байрладгийг ч мэддэггүй байсан" гэж Ганбаясгах бидэнд мэдээлсэн юм.

Дээрх сургалтанд оролцсон улсын байцаагчид оюутан сурагчдын эх орноосоо гадаад руу гарахыг тэмүүлдэг хүсэл нь энэ хэрэгт асуудал нэмдэг гэлээ.

Улсын Эрэн Сурвалжлах газрын ахлах мөрдөгч В.Отгонбаатар ахмад хэлэхдээ, "Бид дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдаас дараах судалгааг авсан юм. 'Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадад өндөр цалинтай ажилд зуучлана зар сурталчилгааг сонсоод та нар явах уу' гэж асуухад харамсалтай нь, 75% нь шууд л явна гэсэн хариултыг өгсөн" гэсэн юм.

Ихэвчлэн эрэгтэйчүүд хүн наймаалах хэргийг үйлддэг гэж хэвлэл мэдээллээр гардаг боловч, үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийн тоо давамгайлдаг болохыг судалгаа харуулсан гэж сургалтын зохион байгуулагчид мэдэгдлээ.

"Хил дамнуулан хүн наймаалах хэргийн Монгол дахь зуучлагч нар нь 20-45 насны эмэгтэйчүүд байдаг. Тэд охидыг хил гаргах маш нарийн аргачлалтай болсон байдаг ба зарим тохиолдолд бүр охидын эцэг эхчүүд нь ч зуучлагч нарын үгэнд үнэмшсэн байдаг" гэж Ганбаясгах нэмж хэлсэн юм.

Хууль сахиулалтын албаны хүмүүс хэлэхдээ энэ хэргийн талаарх асуудал нийгэмд гүн гүнзгийгээр түрэн орж байгаа ч гэсэн холбогдох хууль заалтууд нь хангалттай үр нөлөөтэй байж чаддаггүй гэлээ.

Хүний Эрхийн Хөгжлийн Төвийн ажилтан Д.Амаржаргал, "Хүн хил дамнуулан худалдахад зуучилдаг хүмүүсийг яллах хангалттайй хууль тогтоомж байдаггүй. Дээд Шүүх болон Хүний Эрхийн хөгжлийн төлөөх төрийн бус байгууллагууд гэмт хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт хийх тал дээр зөвшилцөлд хүрсэн бөгөөд энэ хуулийн талаарх тайлбарыг Дээд Шүүх өчигдөр хийсэн байх ёстой" гэж ярьсан юм.

Хууль сахиулалтын газрын ажилчид, мөн шүүхийн салбарын ажилчдад хүн наймаалах хэргийн талаарх ерөнхий ойлголт дутмаг байдаг нь асуудлыг хуулийн зүгээс эрэн сурвалжлахад хүндрэл учруулдаг гэж ахмад Отгонбаяр нэмж ярьлаа.

Хүн хил дамнуулан наймаалах хэргийг мэдээлэх талаар сургалтанд оролцсон хүмүүс сургалтын хэсэг болгож биеэ үнэлдэг хүмүүсээс ярилцлага авсан юм.

Энэ үеэр нэрээ мэдэгдэхийг хүсээгүй нэгэн эмэгтэй бидэнд, "Би энэ саунд 2 жил ажиллаж байгаа. Би сайн дураараа энд биеэ үнэлдэг. Энэ ажил надад болон сауны эзэнд маш их ашигтай байдаг. Саунд орж ирээд массаж хийлгэх хүмүүс 8000 төгрөг төлөөд, дараа нь хэрэв нэмэлт үйлчилгээг хүсвэл бид тэдэнд хэрэгтэй бүгдийг нь хийж өгнө. Мэдээж энэ бол секс шүү дээ",

"Би нэмэлт үйлчилгээ үзүүлсэн хүний төлсөн мөнгөний 50%-ийг аваад, нэжм цалин авдаггүй" гэж ярьлаа.

Отгонбаяр ахмад мөн бидэнд биеэ үнэлэлтийн тухай хуулийг тайлбарлаж, зарим эмэгтэйчүүд энэхүү хууль бус ажиллагаанд сайн дураараа оролцдог гэж хэлсэн юм.

Тэр хэлэхдээ, "Монгол улсад сексийн зорилгоор хүний биеийг худалдах ямар ч байгууллагын үйл ажиллагааг хориглодог. Гэвч маш олон саун нууцаар ийм ажиллагаа явуулдаг юм. Саунд массажист нэрээр ажиллаж байгаа охид бол биеэ худалдахыг зөвшөөрсөн охид байдаг" гэлээ.

Мөн цагдаагийн байгууллагын зарим нэг төлөөлөгчид, "Монгол нууцаар үйл ажиллагаа явуулдаг газрууд маш олноор оршдог учраас бидний ажилд хүндрэлтэй байдаг" гэж хэллээ.

Дээр ярилцлага өгсөн залуухан эмэгтэй түүний энэ ажил нь сургуулиа төгстөл үргэлжлэх түр зуурын л ажил гэж ярьсан юм.

Тэрээр, "Шөнөдөө миний олдог мөнгө хичээлдээ явахад хангалттай хүрэлцдэг. Би дээд сургуулиа төгсөөд л үүнийгээ больчихно, яагаад гэвэл би хөдөөнөөс Улаанбаатар хотод ирсэн болохоор надад амьдрах байр байдаггүй. Харин одоо бол би эндээ амьдардаг учраас байр хөлслөх шаардлагагүй болсон" гэж ярьлаа.

Мэдээллийг http://www.maranata.mn
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог