2008-02-26
Гайтай чаатыг гарзанд нь гаргаач, Ерөнхий сайд аа
Эрүүгийн цагдаагийн газрын дарга Д.Батжаргал: Охид эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэгт телевизүүдийн чаатыг ашигладаг байж болзошгүй. Бид телевизүүдэд садар, самуун сурталчлахгүй байхыг хүсэж Эрүүгийн цагдаагийн газрын даргын гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн.АН-н ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав: Би урд шөнө хэрэг болгон чаат нэвтрүүлгийг харлаа.Яригдаад байгаа зарууд явж л байна лээ.ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Т.Сайнжаргал: Багануурт иргэд метилийн спиртэд хордож, улс орон даяар архи зарахыг хориглосон байхад, чаатаар архи худалдана гэсэн зар явж байсан.
“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл: Телевизийн чаатыг захиалгат үйлчилгээ явуулаад байгаа юмуу гэж хардахад хүрээд байгаа. Оройтсон хүүхдээ “Хаана байна, хүрээд ир” гэсэн мессежийг эцэг, эхчүүд явуулахаар нэвтрүүлэхгүй байгаа юм.Дээрх үгсийг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Хүн худалдаалах гэмт хэрэг, Монголд” хэлэлцүүлгийн үер тэд хэлсэн.

“Монголын эмэгтэйчүүдийн сан” телевизүүдийн чаат нэвтрүүлэгт судалгаа хийжээ. Сонгож авсан чаат сувгаар гарсан мэдээллийн 89 хувь нь садар самуун сурталчилсан утгатай байжээ. Аль ч телевизийн чаат нэвтрүүлэг ойролцоогоор найман цаг явж байсан аж. Энэ хугацаанд 1600 орчим мессеж тухайн сувгаар гарч, телевиз өдөрт хагас сая төгрөгийн ашиг олдог гэсэн дүнг гаргажээ.

Өчигдөр Монголын Эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний сүлжээнээс Ерөнхий сайд С.Баярт хандан бичиг хүргүүлжээ. Энэ бичигт “Танд “Сансар” телевизийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчийн тань хувьд хандаж байна. Монголд үүрлээд байгаа хүний наймаатай хийх тэмцэлд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг нэн өндөр байгаа ба таны хувь эзэмшдэг телевиз ч энэ гэмт хэргийн талаар иргэдэд мэдээлэл өгч идэвхтэй ажиллаж байна. Гэвч манайд ирж байгаа мэдээлэл, иргэдийн хүсэлтээс үзэхэд ашиг орлогоосоо танд хувиарлах үүрэг бүхий STV1, STV2 сувгуудаар хүүхэд залуусыг урхидах, гэрээс нь авч гарах, баар цэнгээний газрууд руу дуудах, нас, хүйс заан,хүний наймааны золиос болгоход тусалхуйц агуулгатай чаат, мессежийн үйлчилгээг удаан хугацаагаар нэвт­рүүлж байна…

…STV1, STV2 сувгууд нь ч явуулж байгаа чаатныхаа агуулгыг хянаж чаддаг гэдэг нь хүүхдээ хайж байгаа эцэг, эхчүүдийн зарыг чаатаар нэвтрүүлэхгүй блоклож чадаж байсан зарим баримтаас харагдаж байна. Иймээс тус хоёр сувгийн чаатыг редакторлож чадаж байгаа одоогийн хүчин чадалд тулгуурлаж “танилцая, уулзая, охин авна, зугаалая, баардая” зэрэг хүний наймааны гэмт хэрэгт үйлчилж болзошгүй аливаа зарыг чаатаар нэвтрүүлэхгүй байхыг өөрийн эзэмшлийн телевизийн сувгуудаас шаардаж өгөхийг хүсье” гэжээ.

Үнэхээр С.Баяр та энэ телевизэд бага ч гэсэн хөрөнгө хийсэн бол хүний наймаанд хохирсон олон зуун ээжүүдийн нулимс, охидоо алдсан аавуудын цөхрөлийг хуваалцаач. Тэд орой, үдшийн цагаар охид, хүүхдүүдээ талханд гар­гахаас ч эмээж байгааг мэдсэн үү?

Хууль, хүчний байгууллагууд телевизүүдийн чаат нэвтрүүлэгт “гараа өргөн, хэлээ гаргаж” бууж өгснөө танд дуулгасан уу. Эрүүгийн цагдаагийн газрын албан бичигт телевизийн захиралууд “Хуулийг хүндэтгэж ажиллана” гэсэн хариу өгсөн байсан. Гэвч телевизийн чаатуудын нэвтрүүлгийн бодлого өөрчлөгдөөгүй л байгаа.

Хүн худалдаалахтай тэмцэж, иргэдээс дуудлага авдаг 1903 утсанд өмнө жил нь 400 гаруй иргэн хандсан бол өнгөрсөн онд 800 хүн энэ гэмт хэргийн талаарх мэдээллийг өгсөн гэнэ. Хонхны дуудлага бүрийн цаана гомдол, гашуудал дагуулсан хар хэрэг гарч байгаа. Эрх, мэдлээ нэг удаа ч гэсэн зөв ашиглаж гай зовлон дагуулах чаатыг гайтуулаач. Ноён, Ерөнхий сайд аа.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог