2008-02-26
Хүний наймаачдад 5-10 жилийн хорих ял сонсгоно
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, хуулийн 76, тогтоолын 20 орчим төсөл хэлэлцжээ. Эдгээрээс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Татварын болон Нийгмийн даатгалын зарим багц, Татварын өршөөлийн хуулийг УИХ баталсан байна.

Намрын чуулганы үед хийсэн ажлаа өчигдөр тус Байнгын хорооны дарга Ц.Шаравдорж танилцуулав. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын, Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, борлуулах, түүгээр үйлчлэх, Зар сурталчилгааны тухай зэрэг хуулийг шат шатны  хэлэлцүүлэгт бэлтгэх зорилготой Ажлын хэсгүүдийг тус Байнгын хороо байгуулсан аж. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж баталсан гол хуулийн нэг нь Эрүүгийн хууль. Энэ хуулийн төслийг Ц.Шаравдорж, Р.Эрдэнэбүрэн нар хийгээд Засгийн газар боловсруулжээ. Эдгээр төслийг УИХ нэгтгэн хэлэлцсэн төслийг Байнгын хорооны ажлын хэсэг жил дөрвөн сарын турш хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ сарын 24-нөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорих ялын доод хэмжээг одоо мөрдөж буй Эрүүгийн хуульд хатуу тогтоосон нь бусад хүчин зүйлийг харгалзан уян хатан хандах боломжийг хааж байсан аж. Тиймээс тэд үүнийг нь зассан байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оноодог байхаар өөрчилжээ. Мөн Эрүүгийн хуулийн нөхцөл зөөлдсөн, эсвэл зохицуулах заалт байдаггүй хүн худалдах гэмт хэрэг, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зэргийн үйлдлийг холбогдох байгууллагуудын саналыг тусган дотор нь нарийвчлан задалж өгснөөрөө ач холбогдолтой болсон байна.

Хүнийг ашиг олох, хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор худалдсан, тээвэрлэсэн, орогнуулж, хүлээн авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмсэнтэй тэнцүү хэмжээгээр торгох, эсвэл таван жилээр хорих ял оноох юм. Хэрэв хүнийг хил давуулан худалдсан нь тогтоогдсон, энэ хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-15 жил хорихоор болжээ. Байгаль орчны эсрэг гэмт хэргийн тухайд агаар бохирдуулах химийн хорт бодисыг шүүлгүйгээр хаясан үйлдвэрийн үйл ажиллагааг  хаах,  буруутай этгээд, албан тушаалтныг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмсэнтэй тэнцүүлж торгох, эсвэл хоёр жил хорих хүртэл арга хэмжээ авах юм. Агаарыг санаатай бохирдуулснаас нь болж хүний амь хохирсон бол 2-5 жил хорих ял оноох нь.

Сүүлийн үед ховор ан амьтны эд эрхтэнийг дамлан наймаалах гэмт хэрэг зохион байгуулалттай хэмжээнд хүрсэн ч түүнд эрүүгийн хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байхгүй байсан. Тэгвэл шинэ хуулиар хориотой зэвсэг ашиглан ан агнаж, их хэмжээний хохирол учруулсан, ховор ан амьтныг хууль бусаар агнасан, эд эрхтэнийг нь худалдсан, зөөвөрлөсөн, дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмсэнтэй тэнцүүлж торгох, 3-6 сар баривчлах, эсвэл гурван жил хорьдог болжээ.

Мөн “сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн” гэгддэг 110, 111 дүгээр зүйлийн гүтгэх, доромжлохтой холбоотой заалтуудаас “хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан” гэсэн үгийг хэвлэлийн байгууллагуудын хүсэлтээр авч хаясан байна.

Одоо тус Байнгын хороо хаврын чуулганаар хэлэлцэх Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний, Үл хөдлөх хөрөнгө барьцаалах, Хязгаарлагдмал казиногийн тухай зэрэг найман хуульд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж. Байнгын хорооны даргаас зарим зүйлийг лавлав.

-Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийн өнгөрсөн хавар эрчимтэй хэлэлцэж эхэлсэн ч анхны хэлэлцүүлэг дээрээ гацсаны шалтгаан юу вэ?
-Уг хуулийн төслийг батлахын тулд Нууцын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Эдгээрийг зэрэг хэлэлцэх нь үр дүнтэй гэж үзсэн учраас хойшлуулсан. Одоо Нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал дээр Засгийн газар ажиллаж байна.

-Татварын өршөөлийн тухай хуульд энэ сарын 15-нд Ерөнхийлөгч хориг тавилаа. Уг нь асуудлыг 14 хоногийн дотор Байнгын хороо хэлэлцэх ёстой. Чуулган завсарласан учраас ээлжит бус чуулган зарлах уу?
-Ерөнхийлөгчийн  тавьсан хоригийг маргааш нь манай Байнгын хороонд ирүүлж, гишүүддээ тараасан. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой. Одоохондоо Байнгын хорооны гишүүд хоригтой танилцаж байгаа учраас тодорхой байр суурь, шийдвэр хэлэх боломжгүй. Үүнийг хэлэлцэх хуулийн хугацаа бий болохоор ээлжит бус чуулган зарлах байх. Тэгэхгүй байсан ч асуудлыг чуулганд бэлтгэж оруулах үүрэгтэй учраас Байнгын хороо өмнө нь хуралдаж таарна.

-Эрүүгийн хуулийн төсөлд “Санаа сэтгэл цочирдон давчидсанаас болж хүний амь хохироосон бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт оруулсан нь шүүмжлэл дагуулсан. Уг заалтыг хассан уу?
-Хоёр ялгаатай байдлаар тусгасан. Хохирогчийн өөрийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн хүний санаа сэтгэл нь цочирдон давчдаж, түүний амь насанд хүнд гэмтэл учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Харин амийг нь хөнөөсөн бол хүлээнэ.

http://www.mongolnews.mn
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог