2008-02-26
Харьд худалдагдсан бүсгүйчүүд архи, хар тамхинд орж, биегүй болоод ирдэг
Олон улсын хүний эрхийн өдрийг энэ сарын 10-ны өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт зөрчигдсөн эрхээ хамгаалах гэсэн иргэд дуу хоолойгоо төр, засагтаа хүргэсэн байх.

Манай улсын иргэд ч гэсэн Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх, хамгаалахаар жанжныхаа талбайд цуглаж дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Тэнд хүмүүс өөр өөрсдийнх нь эрх хэрхэн зөрчигдөж байгааг ярьж байсан ч манай улсад бодитойгоор нүүрлээд буй хүн худадаалах гэмт хэргийн золиос болсон иргэдийнхээ талаар хэн ч дуугарсангүй. Хамгийн аймшигтай нь энэ хэргийн золиос болж байгаа хүмүүсийн дийлэнхийг охид эмэгтэйчүүд эзэлдэг. Тэднээс гадна насанд хүрээгүй хөвгүүд, болон эрэгтэйчүүд ч хүний наймаанд өртөх болсон нь нууцгүй. Магадгүй энэ төрлийн гэмт хэрэг нууц байдалд явагддагийн дээр хохирогчид нь хүний наймааны хохирогч болсноо нууцалдаг болохоор тэр бүр үүний талаар хүмүүс ил гаргаж ярьж, тэмцдэггүй гэхэд хилсдэхгүй. Үнэндээ энэ гэмт хэргийн талаар яригдаж сонин хэвлэлээр бичигддэг ч Хонгорт нүүрлэсэн цианид натри, ХЗХ-ны хохирогчид гэхчлэн улстөржүүлэхэд тохиромжтой сэдэв бус болохоор улстөрийнхөн болон сонирхогчид хүний наймааны золиос болсон иргэдийнхээ талаар дуугардаггүй ядаж "шоу" ч хийдэггүй гэхэд хатуудсан болохгүй.

Манайхан нийгэмд нүүрлэсэн эмзэг тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэхийн оронд аль нэг улстөрч, улстөрийн намууд шүүрч аваад улстөржүүлж ард иргэдээрээ тоглоом хийдэг нь нууцгүй. Гэтэл улсын маань охид эмэгтэйчүүд, эрчүүд хил дамнан зарагдаж харийн аль нэг улсад боолоос ч дор амьдарч байна. Эх орондоо ч ялгаагүй боол шиг амьдарч эрх нь зөрчигдөж яваа олон хүн байдаг юм билээ.
Манай улсад насанд хүрээгүй охид болон эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашигладаг гэмт хэрэг зонхилдог гэсэн судалгаа байдаг байна. Ялангуяа хилийн бүс нутаг Дорнод Замын-Үүд, Дархан, Сэлэнгэ болон Улаанбаатар хотод энэ төрлийн гэмт хэрэг их байдаг гэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг ихэвчлэн ойр дотных нь хүмүүс болон хойд эцэг, эх нь бэлгийн мөлжлөгт татан оролцуулдаг байна. Мөн гэр бүлийн хувьд тогтворгүй, хойд эцэгтэй охид багадаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс энэ зам руу хальтирч орсон нь ч бий гэнэ. Насанд хүрээгүй дагавар охиноо ганц шил архиар худалдсан тохиолдол байдаг бол эхнэрээ охинтойгоо хамтад нь хүчээр биеийг нь үнэлүүлж олсон мөнгөөр нь амьдардаг нүгэлтэй эр байдаг юм билээ. Дотоодын бэлгийн мөлжлөг сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа гэсэн. Хүний эрхийн байгууллага болон Төрийн бус байгууллагад хохирогчид ханддаг нь цөөн боловч хаа нэгтээ дээрх шиг хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдөж буй олон охид эмэгтэйчүүд байдаг гэсэн.

ЭНЭ ОНД 105 ИРГЭН, ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛЖЭЭ
"Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ын гаргасан судалгаагаар дээрх тоог гаргажээ. Өөрөөр хэлбэл, тус төвийн итгэлийн утас 1903-т ирсэн мэдээлэлд тулгуурлан энэ судалгааг гаргасан байна. Энэ он гарсаар итгэлийн утсанд 121 иргэн хандсанаас 105 нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байжээ. Үүнийг хүйсээр ангилахад 30 нь эрэгтэй, 63 эмэгтэй, насанд хүрээгүй нэг эрэгтэй, 11 эмэгтэй байдаг аж. Үүнээс албадан хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор худалдагдсан 41, бэлгийн мөлжлөгийн зорилгоор 36, гадаадын иргэнтэй гэр бүл болгох зорилгоор 218 эмэгтэй хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байна. Тэдний 35 нь Хятад, Макао руу хоёр, Казахстанд 33, БНСУ-д 21,Монголд 13 хүн ямар нэг байдлаар бусдад худалдагдсан байдаг гэнэ. Дээрх улс руу яваад олон жил болоход ар гэрийнхэнтэйгээ нэг удаа ч холбоо барилгүй ор сураггүй болсон эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэдний заримынх нь эцэг, эх итгэлтэй утсанд хандсан тохиолдол мэр сэр байдаг юм билээ.

КАЗАХСТАНД АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР 33 ХҮНИЙГ ХУДАЛДЖЭЭ
Тус улсад өндөр цалинтай ажилд зуучилж явуулна гэсэн зараар Казахстаныг зорьсон 33 хүний 22 нь эрэгтэй бусад нь эмэгтэйчүүд байжээ. Тэднийг тус улсад аваачаад бух бичиг баримтыг нь хурааж авсан бөгөөд хүн амьдрахын аргагүй нөхцөлд амьдруулж байсан гэнэ. Мөн тэдний ажиллах орчин хүнд дээр нь цаг наргүй ямар ч цалингүй боол шиг хөдөлмөрлүүлж байсан аж. Түүнчлэн солонгос хүнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн зараар явсан бүсгүйчүүдийн дийлэнх хүссэнээрээ амьдарч чаддаггүй ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигддөг байна. Нэгэн эмэгтэй Солонгосын дундаж амьдралтай эрэгтэйтэй гэрлэхээр зөвшөөрч гэрээ байгуулан Солонгосыг зорьжээ.

Харин Солонгост очиход дээрх бүсгүйн нөхөр нь таксийн жолооч байсан бөгөөд түүнийг ирсэн өдрөөс нь дарамталж, гэрээс нь гаргахгүй бичиг баримтыг нь хураан авчээ. Мөн тэрбээр байнга гэр бүлийн бэлгийн хүчирхийлэлд өртдөг байсан гэнэ. Гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилдаг газрууд гэр бүл болох эмэгтэйтэй хатуу гэрээ байгуулдаг байна. Гэтэл энэ гэрээнд нь эмэгтэйн эрх зөрчигдсөн цөөнгүй заалт байдаг аж. Тухайлбал, гэрээнд хэрвээ нөхрөөсөө салбал төчнөөн ам.долларын нөхөн төлбөр төлнө гэсэн заалт байдаг бөгөөд энэ нь эмэгтэйг мөнгөний барьцаанд оруулах замаар эрхийг нь зөрчиж байгаа аж. Энэ жил гэхэд хүйсийн тэгш эрхийн төвийнхөн Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан, тухайн улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран хүний наймааны хохирогч болсон 28 эмэгтэйг эх оронд нь авчирчээ.

Тэднийг БНХАУ-ын Эрээн, Макао, Бээжингээс авчирсан гэсэн. Жишээ дурьдая. Н, Б нарын хоёр найз охин бүжиг үнэгүй зааж сургана гэсэн зараар очиж нэг cap гаруй бүжиг заалгажээ. Гэтэл дээрх бүжгийн Дамжаанд нэг эмэгтэй байсан бөгөөд дээрх хоёрыг нэг сарын хугацаанд урагш явж ажил хийвэл их мөнгө цуглуулах боломжтой гэж өдөр шөнөгүй ятгасан байна. Дээр нь бичиг баримт сэлт, замын зардлыг бүгдийг нь даах тухай ч ярьжээ. Охид түүний ятгалгад орж Эрээн хотыг зорьсон байна. Гэтэл Эрээнд очуут тэдний биеийг хүссэн хүсээгүй үнэлүүлж эхэлжээ. Охид тэнд таван cap орчим бэлгийн мөлжлөгт өртсөн гэнэ. Эхний нэг cap тэд биеэ үнэлэхээс татгалзсан ч аргагүй хүчирхийлэлд автаж хувь тавилантайгаа эвлэрчээ. Тэд хоёр давхар байрны доор хонгилд шахам хүйтэн харанхуй өрөөнд байлгаж биеийг нь үнэлүүлдэг байсан талаар ХТЭТ-ийхэн ярьж байсан. Охид хүнд хэцүү нөхцөлд удаан хугацаанд ажиллаж байснаас эрүүл мэндээрээ хохирч үлдсэн байна. Ер нь судалгаанаас харахад, гадаадад болон өөрийн оронд хүн наймаалах хэргийн хохирогч болсон бүсгүйчүүд эргээд элсүүлэгч буюу хүн наймаалагч болдог байна.

МАНАЙ УЛС ХҮНИЙ НАЙМААНЫ НИЙЛҮҮЛЭГЧ ОРНЫ ТООНД ОРЖЭЭ
Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, Ази руу чиглэсэн секс жуулчлалын урсгалыг дагаад биеэ үнэлэх бусдыг бэлгийн мөлжлөгт ашиглан ашиг олох явдал улам нэмэгдэж байгаа аж. Гадаадад эмэгтэйчүүдийг зочид буудал, саунд "массажист" караоке бааранд "ширээний үйлчлэгч", диксо клубт "бүжигчин" нэрээр далдлан биеийг нь албадан үнэлүүлдэг байна. Харин дотоодод охид эмэгтэйчүүдийг хөлсний байр, зочид буудалд хорьж бэлгийн мөлжлөгт ашигладаг гэнэ. Хүний наймааг дамжуулагч, нийлүүлэгч, худалдан авагч гэж ангилдаг бөгөөд манай улс нийлүүлэгч улсын тоонд аль хэдийнэ оржээ. Сүүлийн үед хуурамч гэрлэлтээр бүсгүйчүүдийг харийн улс руу худалдах явдал ихээр тарах болсон байна. Гадаадын иргэдтэй гэрлэж байгаа монгол бүсгүйчүүдийн 65 хувь нь БНСУ-ын иргэдтэй гэрлэдэг гэсэн судалгаа байдаг аж.

Гэрлэлтийг зуучлагчид албан ёсны зөвшөөрөлгүй, байгууллага хувь хүмүүс байдаг бөгөөд охид эмэгтэйчүүдийг элсүүлэхийн тулд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр боломж амласан зарыг тасралтгүй явуулдаг байна. Гэрлэх хугацаа нь зуучлах албанд хандсанаас 1-3 сарын хугацаатай байдаг ба гэрлэх гэж буй хүнтэйгээ бүсгүйчүүд 1-2 удаа уулздаг эсвэл огт уулзалгүйгээр гэрлэдэг гэнэ. ИБМУТ-өөс гаргасан судалгаагаар БНСУ-ын иргэнтэй гэр бүл болохоор бүртгүүлсэн манай улсын 1668, Япон 119, БНХАУ 137, Герман 155, ОХУ 65, АНУ 89 иргэн байдаг. Тэдний 95 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Мөн насанд хүрээгүй хөвгүүд, тэр дундаа хараа хяналтгүй эцэг, эхгүй хүүхдийг сонгон хуурамч бичиг баримт бүрдүүлэн харь оронд аваачиж хүчээр хулгай хийлгэх, хүнд хөдөлмөр эрхлүүлдэг гэнэ.
2002 оноос хойш ХТЭТ-д дээрх байдлаар хохирогч болсон хоёр, мөн цагдаагийн байгууллагад хоёр хүүхдийн хэрэг бүртгэгджээ. Хүүхдүүдийг бусдын бичиг баримт ашиглан "хавсралтаар" хил давуулдаг аж. Хил давуулсан хүүхдүүдийг дарамтлан хүчээр хулгай хийлгэж боолчилдог хүмүүс тухайн хүүхдийг цагдаа, хууль хяналтынханд баригдвал тэр газраа орхин ор сураггүй алга болдог байна.

СЭТГЭЛ ГУТРАЛАА ДАВАН ТУУЛАХЫН ТУЛД БҮСГҮЙЧҮҮД АРХИ, ХАР ТАМХИНД ОРДОГ БАЙНА
Саяхан хилийн чанад дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын дунд судалгаа явуулжээ. Уг судалгаанд Бээжин, Хонг-Конг, Макао, БНСУ-д хүн худалдаалах гэмт хэргийн бэлгийн мөлжлөгт өртсөн нийт 48 эмэгтэй хамрагдсан байна. Зуучлагчид охид бүсгүйчүүдэд 500-3000 ам.долларын өндөр цалинтай ажил, гоо сайханч, загвар өмсөгч, бүжигчин, массажист хийлгэнэ гэж хуурамч санал тавьснаар тэд хилийн дээс алхдаг байна. Бүсгүйчүүдийн 96 хувь нь тухайн улсад очсоныхоо дараа хийх ажлынх нь талаар худал мэдээлэл өгснийг мэдэж, зуучлагчдаа бичиг баримтаа хураалган 1500-3500 ам.долларын барьцаанд орж хүчинд автан, биеэ үнэлэхээс өөр аргагүйд хүрдэг аж.

Бээжин хотын "Холливуд", "Дэн", "Элефакт", "Магис" диско клубууд нь тэнд ажиллаж буй монгол эмэгтэйчүүдийн өрөө дарах "ажлын байр" болдог гэнэ. Тэд оройн цагаар диско клубүүдээр явж олсон орлогоороо өрөө дардаг бөгөөд зарим үед дуудлагаар үйлчилдэг гэнэ билээ. Тэдэнд аюулгүй байдлын ямарч баталгаа байхгүйгээс гадна зодуулж дарамтлуулан ямар ч хөлс авч чадахгүй байх тохиолдол гардаг байна. Тэр ч бүү хэл архи, хар тамхи хэрэглэсэн үйлчлүүлэгчид бүсгүйчүүдийг зодох тохиолдол 92 хувь байдаг гэнэ. Харин Хонг-Конгод монгол бүсгүйчүүд Tsim-Shai-tsai орчмын зочид буудлаар, Tsim-Shai-tsai гудамж, Strawberry, Big apple, Joe banana, Naptna, Centuria шөнийн цэнгээний газруудад ажилладаг бол Макаод ихэвчлэн саунд ажилладаг аж. Хонг-Конгод бүсгүйчүүд ажил тасалж хоцорвол цалингаас нь хасах, зодох, амралтгүй ажиллуулах зэргээр шийтгэдэг байна.

Харин шоунд гарахаасаа татгалзвал 1000-2000 Хонг-Конг доллараар торгодог бичигдээгүй хуультай. Дээрх судалгаанд оролцогсдын дийлэнх нь буюу 78 хувь нь сэтгэлийн зовлон, гутралаа даван туулахын тулд архи, болон мансууруулах бодис, хар тамхинд ордог тухай бүсгүйчүүд ярьжээ. Мөн бүсгүйчүүдэд хүчээр тураах эм уулгах, нүдэнд нь давхраа хийлгэх, хөхөнд нь гель шахуулах зэрэг үйлчилгээ хийлгэж төлбөрийг цалингаас нь суутгаж авдаг байна.
Судалгаанд хамрагдагсдын 85 хувь эх орондоо очихыг хүсч байгаа ч зардалгүй, өрөө төлж дуусаагүй бичиг баримтгүй, гэртээ гap хоосон очихоос зүрхшээх, мөнгө хуримтлуулахыг хүсдэг байна. Охид бүсгүйчүүд эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Хэрвээ өвчин тусвал тэд өөрсдийгөө дур мэдэн эмчлэх нь түгээмэл гэнэ. ДОХ/БЗХӨ-ний шинжилгээнд хамрагдах, хамгаалах байдал хангалтгүй байдаг аж. Үйлчлүүлэгчийн хүссэнээр ажилладаг болохоор зарим тохиолдолд бэлгэвчгүй хавьталд орж, өөрсдийгөө эрсдэлд оруулдаг байна.

ЭМЭГТЭЙЧҮҮД ЯАГААД ХУУЛЬ БУС АРГААР ХИЛ ДАВЖ ЭРСДЭЛД ОРНО ВЭ
Гадаадад ажиллах хүчин зуучилж буй албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагуудад бүртгүүлсэн хүмүүсээс дийлэнхдээ эрчүүд сонгогддогоос бүсгүйчүүд хууль бус аргыг сонгоход хүрдэг байна. Мөн манай улсад харьд худалдагдсан хохирогчдод үзүүлэх тусламжийн үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх ажил дутмаг. Өөрөөр хэлбэл үйлдлийн дараа хариу өгөх байдлаар явагдаж худалдагдсан хүмүүсийн хойноос нэхэмжлэх шаардлагыг бий болгоогүй, эрх зүйн орчин бүрдээгүй, худалдагдсан хохирогчдыг эх орондоо авч ирэх талаар үйл ажиллагаа явуулдаггүй нь тэдний эрсдлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.
Уг нь манай улсад энэ талый 90 гаруй төсөл хөтөлбөр хэрэгждэг гэх боловч хүний наймааны гэмт хэргийн талаар олон нийтэд ойлголт мэдлэг байхгүй, сурталчилгаа хангалтгүй, хөтөлбөр нь бүрэн хэмжээнд хэрэгждэггүй нь хүний эрхийг хангах хамгаалах, битгий хэл бүсгүйчүүд маань үндсэн эрхээ ч эдэлж чадахгүйд хүрээд байгаа аж.

ХҮН ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ БОЛОВСРОНГУЙ ХУУЛЬТАЙ БОЛМООР БАЙНА
Хүн худалдах гэмт хэргийн эсрэг хууль, бодлого, хөтөлбөр болон хөндлөнгийн оролцоонуудад хүний эрхийг хангах талаар тусгагдсан эсэхэд хяналт тавих механизмыг бий болгох цаг нэгэнт болжээ. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыгхангаж, ХХГХ-ийн зуучлагч, гэмт хэрэгтнүүдийг хуулийн хариуцлагад татах зорилгоор үндэстэн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар нэн даруй арга хэмжээ авахгүй бол болохгүй нь ээ. Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр бүртгэл хяналтыг сайжруулах, хэвлэл, мэдээл¬лийн хэрэгслээр гарч буй заруудад хяналт тавих, шаардлагатай байна. Гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлал, брокерийн асуудлыг шийдэж, хуульд тусгаж оруулах, зөвшөөрөлгүй хууль бус үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүс байгууллагуудын үйл ажиллагааг даруй зогсоох арга хэмжээ авах нь ХХГХ-ийн гаралтыг бууруулахад нэмэр болох болов уу. Хүний наймааны эсрэг дорвитой зүйлийг хийхгүй бол хожим харамсаад ч барахгүй эмгэнэлд хүрэх вий. Муу ёрлож хэлж байгаа бус хүний наймаа манай улсад бодитойгоор нүүрлээд байхад ингэж хэлэхгүй байхын арга алга.
Сэтгэгдэл:


алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 23:57, 2009-12-03 | Холбоос | |


tgd t1 ym sheg yund ni itgej yvdag bn a shal so ym a
Бичсэн: Hen ch bish (зочин) цаг: 13:17, 2009-11-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог