2008-02-29
ЗУРГААН ЖИЛД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОЁРХОН ХЭРЭГ ШИЙДЭГДЖЭЭ
Хүний наймаа гэсэн нэр томьёо сүүлийн жилүүдэд сонстох болсон. Үүгээр үл барам хүний наймаа гэгч олон түмнийг цочролд оруулаад байгаа хэргийн золиос болох хүний тоо нэмэгдсээр байгаа. Дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлын нэг нь хүний наймаа. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүрээгээ тэлэх хандлагатай байгаа аж.

Харин энэ төрлийн гэмт хэрэг бусад улс орнуудтай харьцуулахад манайд бага гардаг.Гэтэл сүүлийн үед зуучлуулж, сонин хэвлэлээр гарсан заранд хууртан хүний наймааны хохирогч болох явдал цөөнгүй байгааг албаны эх сурвалж хэлсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө хүний наймааны золиос болсон охины ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандаж энэ төрлийн гэмт хэрэг газар авч байгааг сануулсан. Тэр бүү хэл манай улсад энэ төрлийн гэмт хэргийг дэлгэрүүлж буй Булгантамир, Онондоогийн, Ким Ду Ханы гэсэн нэр бүхий зохион байгуулалттай бүлэглэлүүд байдаг талаар тэд сануулж байсныг уншигчид маань саваж байгаа байх. Дэлхий нийтийг цочрблд оруулаад байгаа хүний наймаа хийсэн этгээдийг тухайн улс бүр хатуу шийтгэдэг хуультай. Харин манай улсын тухайд, Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Хүн худалдсан буюу худалдан авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заажээ. Мөн113.3-т ” Энэ хэргийг байнга үйлдсэн, хүнийг хил давуулан худалдсан, эсвэл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн эсвэл уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг юм байна.Харин 2002 онд батлагдсан энэ хуулийн заалтад талууд заавал оролцох шаардлагатай гэсэн агуулгатай байдаг учраас хэргийг шийдвэрлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Үүнээс болоод 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл тус зүйлээр ердеө хоёрхон хэргийг шийдвэрлэсэн байдаг гэнэ. Харин бусдыг нь шүүхийн өмнө хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх зэргээр шийдвэрлэдэг байж.Харин дээр дурдсан хүний наймааны золиос болсон охидын ар гэрийнхэн зоригтойгоор уг хэргийн талаар олон нийтэд зарласан нь дүрэм журамд өөрчлөлт орох цаг болсон гэдгийг сануулсан гэхэд буруудахгүй. Үүний ачаар энэ оны 24-ний өдөр эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулан гурван жил хорих ялаар шийтгэдэг байсныг таван жил болгож, хуулийг дэлгэрүүлэн тайлбарлажээ. Тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар хохирогч тухайн хэргийг зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй ч бай хуулийг чангатгаж, тохирох арга хэмжээ авагдах ёстой гэж заасан нь энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон болон хохирогчдод илүү ойр заалт болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм билээ. Хүн худалдаалах болон наймаалах гэмт хэрэг нь жинхэнэ утгаараа бүлэг этгээдүүд зохион байгуулалттайгаар охид, бүсгүйчүүдийг хил давуулан улмаар худалдагдсан хүмүүсийн биеийг нь үнэлүүлэх эсвэл боолчлох замаар албадан шахалтаар хөдөлмөрлүүлэх, ямар нэгэн байдлаар эд эрхтнийг нь авч ашиглах зэргийг хэлдэг ажээ. Ийм хэрэг зөрчил илэрсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-ээс 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцЬх хэмжээний төгрөгөөр торгох, мөн арваас арван таван жил хүртэл хугацаагаар ял шийтгэх юм байна.

Нийтлэгдсэн хэвлэл: Өнөөдрийн монгол

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог