2008-02-27
Д.Отгонжаргал: Массажист нэрээр биеэ үнэлдэг 23 эмэгтэйг баривчилсан

Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хамтран зохион байгуулж буй "Хяналт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудад шалгалт хийжээ. Уг шалгалтын талаар УМБГ-ын Онц хүнд, зохион байгууллалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хошууч Д.Отгонжаргалтай ярилцсан юм.

-"Хяналт" нэгдсэн арга хэмжээний үеэр нийт хэдэн газрыг шалгасан бэ. Ямар ямар зөрчил илрүүлэв?
-Нийт 37 аж ахуйн нэгж, болон 91 иргэний саун, массажны 128 газрыг шалгалаа. Эдгээрээс хамгийн их зөрчилтэй байсан 12 газрыг хааж, эрүү үүсгэн шалгаж эхлээд байна. Ямар нэгэн зөрчилгүй газар бараг байгаагүй. Шалгалтад хамрагдсан нийт газруудын бараг 98 хувь нь зөрчилтэй байсан. Нийт 25 иргэнийг 925 мянган төгрөгөөр торгосон. Мөн дээрх газруудыг ажиллуулдаг хүмүүсийн хэн нь ч ажиллагсадтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэн тусгай стандартыг тогтоосон байдаг юм билээ. Гэтэл энэхүү стандартад нийцэх үйл ажиллагаа явуулж байгаа газар хуруу дарам цөөн байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх газруудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаах шийдвэр гаргасан.

-Саун, массажны газар ажиллах нэрийдлээр биеэ үнэлдэг эмэгтэйчүүд байдгыг мэддэг ч үүнийг таслан зогсоох арга хэмжээ авдаггүй. Иймэрхүү зөрчил хэр байна. Үүнд ямар арга хэмжээ авсан бэ?
-Массажист нэрээр биеэ үнэлж байсан 51 хүнийг илрүүлж, 23 эмэгтэйд захиргааны хариуцлага тооцон 14 хоногийн хугацаатай баривчилсан. Энэ төрлийн зөрчилд хариуцлага тооцох эрүүгийн хуулийн зүйл заалт байхгүй учир захиргааны хариуцлага тооцдог. Харин дээрх эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд орон байраар хангасан, бусдад зуучилсан хэргээр саун, массажны газар ажиллуулж байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Тэнд ажилладаг охид эмэгтэйчүүд биеэ үнэлэхээс өөрөөр орлого олох боломжгүй байдаг хэрэг үү?
-Янз янз л байдаг. Гэхдээ ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмийн эмзэг давхрагынхан гэгддэг хүмүүс л энэ замыг сонгодог. Харин зарим нь нэлээд боломжийн, хөрөнгө чинээтэй айлын охид байх нь бий. Энэ нь цөөхөн л дөө. Түүнчлэн оюутнууд ч байдаг. Гэвч энэ мэт амар хялбар аргаар мөнгө олж байгаа нь гадаадад худалдагдан, хүний наймааны гэмт хэргийн золиос болох үүд хаалгыг нээдэг.

-Сүүлийн нэг жилийн дотор сураггүй алга болсон охидын тоо 100 гарчихсан байна. Энэ үнэхээр бодит тоо юу?
-Энэ бол үнэн бодитой тоо биш гэдгийг хэлье. Ямар ч байсан цагдаагийн байгууллагад энэ тоо бүртгэгдээгүй. Харин далд хэлбэрээр байж болох юм. Төрийн бус байгууллагууд энэхүү судалгааг яаж гаргасныг мэдэхгүй юм. Ер нь гэр орноосоо дайжсан ч юм уу хоёр гурав хоногоор тэнэдэг хүүхдүүдийг хараад байхад нэг зүйл ажиглагддаг. Тэд гэрээсээ явж хэд хоночихоод ирэхдээ эцэг эхдээ худал хэлдэг.

Танихгүй хүмүүс намайг хүчээр авч явсан гэдэг ч юм уу. Гэтэл үнэндээ өөрсдийгөө хамгаалж, хаагуур хэнтэй явснаа нуун зорилгоор худал хэлсэн байдаг.

А.Ням

Сэтгэгдэл:


23 гэдэг ёстой нөгөө мөсөн уулын орой байхөө... гээл бодохоор... нүд харанхуйлаад... crying
Бичсэн: xvv цаг: 19:41, 2008-02-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог