Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтэс болон Монгол дахь төлөөлөгчийн газар "Хүний худалдаатай тэмцэх" төслийг Монгол Улс болон Зүүн Азийн бүсийн хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо.
Сүүлийн 10 жилд хүн наймаалах, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийг наймаалах гэмт хэрэг нь дэлхийн хэмжээний томоохон асуудал боллоо. Улам бүр газар авч, арга нь улам нарийсаж буй энэ гэмт хэргийг үндэсний болон олон улсын хэмжээнд үр дүнтэйгээр шийдвэрлэхэд ихээхэн хүндрэлтэй байна.
Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих явцад нийгэм эдийн засгийн олон бэрхшээлтэй асуудалтай тулгарсаны нэг нь хүний худалдаа юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дотооддоо болон хил давуулан хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, гэмт хэрэгт татан оролцуулах, гэр бүл зуучлал нэрээр гадаадын иргэдэд худалдаалж байгааг саяхны нэгэн судалгаа харуулж байна. Монголоос гадаадад сурч ажиллах, гадаад иргэдтэй гэрлэх хүсэлтэй хүмүүс хүн наймаалах гэмт хэргийн золиос болох нь элбэг байгааг судалгаанд онцолжээ.
Хүн худаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчдын талаар нарийн тоо баримт одоо хүртэл байхгүй байна. Гэвч байгаа тоо баримтыг нийт хүн амд харьцуулж үзвэл асуудал аль хэдийнэ ноцтой болсныг гэрчилж байна. Хүний наймайтай холбоотой гэмт хэргийг таслан зогсоох, хорхирогчдод зохих туслалцаа үзүүлж чадахуйц хууль эрхзүйн орчныг бүрдүүлж чадсан бусад орнуудын туршлагаас суралцаж, улс орондоо нүүрлэж буй энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн зүгээс анхаарал тавих шаардлагатай болсон.
Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагууд энэхүү асуудалд анхаарлаа хандуулж байна. Засгийн газрын зүгээс Швейцарийн хөгжлийн агентлагт хандан хүсэлт тавьсны дагуу SDC нь Монгол Улсад Хүний худалдаатай тэмцэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад нэн тэргүүнд анхаарна. Мөн хохирогчдод бодит туслалцаа үзүүлэхийн тулд төслийг ажлын байр бий болгох, өрхийн орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн SDC-ийн бусад төслүүдтэй нягт уялдуулна.
Хүний худалдаатай тэмцэх төсөл нь сайн засаглал, жендерийн тэгш байдлыг дэмжих бодлого болон Швейцарийн Холбооны Улсын нэн тэргүүнд тавигдаж буй гадаад бодлогын нэг болох хүний эрхийг хамгаалахтай холбогдож байгаа тул ихээхэн дэмжлэг олсон юм.
Төслийг Хүний аюулгүй байдлын судалгааны төв хэрэгжүүлнэ.