2008-02-26
Охидыг дамлан худалдаж байгааг таслан зогсоох ёстой гэж Ардчилсан нам мэдэгдлээ
Охидуудыг хулгайлан, хүчээр биеийг нь үнэлүүлдэг тухай зарим төрийн бус байгууллага өнгөрсөн даваа гаригт олон нийтэд мэдээлсэн. Энэ асуудлаар Ардчилсан нам өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. “Энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хүний эрхийн асуудлаар дагнаж ажилладаг зарим төрийн бус байгууллагуудаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын мэдээг Ардчилсан нам цочир хүлээн авлаа. 14-17 насны охидыг гудамжнаас машинаар хулгайлан, гэр оронд нь очуулахгүй, олон хоног барьж цагдан хүчирхийлж, гадаадын иргэдэд зарж борлуулан биеийг нь үнэлүүлдэг, Монгол Улсын иргэний гадаадад бараа таваар шиг гаргадаг гэмт үйлдлийн талаарх тодорхой баримтууд, хохирогсдын эцэг эхийн яриа, энэ талаар туслалцаа дэмжлэг хүсч тус намын эмэгтэйчүүдийн байгууллагад хандсан олон охидын эцэг, эхчүүдийн гаргасан баримт зэргээс үүдэнд энэ асуудлаар Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл, тус намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлтэй хамтран шуурхай хуралдлаа.

Хүн худалдах үзэгдэл нийгэмд ужгирч буйг Ардчилсан нам буруушааж төрийн холбогдох байгууллагууд энэ гэмт үйлдлийг үндсээр нь таслан зогсоох талаар зарим шуурхай арга хэмжээг авах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон зарим гишүүнээс хүн наймаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнтэй тэмцэх талаар хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүн наймаалахын эсрэг олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон эсэх, энэ талаар олон улсын эрх зүйн хэмжээнд боловсрогдсон холбогдох баримт бичгүүдийг судлах ажлын хэсэг байгуулагджээ.

Нийгэмд газар авч буй энэ явдалд Засгийн газар тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэн Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга тавихаар боллоо.

Энэхүү хүнлэг бус үзэгдлийг олон нийтийн оролцоо дэмжлэгтэйгээр таслан зогсоох ёстой гэж үзэн холбогдох төрийн байгууллага, хүний эрхийн асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагууд, иргэд, эцэг эхчүүдийн уулзалтыг зохион байгуулахаар шийдсэн байна гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог