2008-02-26
Хүний наймаа-Цагдаагийнхан мэдээлэл хийлээ
Хүний наймаа. Дэлхийг хэрсэн сүлжээтэй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт монголчууд бид дамжин өнгөрүүлэгч төдийгүй, бэлтгэн нийлүүлэгч байдлаар оролцож байгааг хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд баримт дэлгэж хэлдэг. Хүний наймаа Монголд түгшүүрийн харанга дэлдэж байгааг ойрмогхон болсон үйл явдлууд харуулж байгаа. Хүний наймаа хараа хяналтгүй даамжирч байгаад чимээгүй хараад сууж байгаа цагдаа нар ч буруутай гэж төрийн бус байгууллагын эрхмүүд өчигдөр хэлж байсан бол өнөөдөр цагдаа нар бид дуугүй суугаагүй гэж мэдэгдлээ.
Хүний наймаа Монголд газар авч болзошгүй байгааг төрийн бус байгууллагууд дэлгэсэн бол цагдаа нар алга болсон охид бүсгүйчүүдийн ихэнх нь гэр бүлийн маргаанаас болж гэрээсээ дайжсан, найз нөхөдтэйгээ хамт аялал зугаалгаар явсан, өр төлбөрт орсон, бусдын эд хөрөнгийг хулгайлж, залилсан, биеэ үнэлсэн зэрэг байдалд орсон байдаг гэж хэлж байлаа.
Сэтгүүлчид ил цагаан хүний наймаа байсаар байхад цагдаа нар хаацайлж байна.
2007 оны эхнээс 2008 оны 2-р сар хүртэлх хугацаанд манай улсад 149 эмэгтэй ор сураггүй алга болсон гэж бүртгэгджээ. Эрэн сурвалжилсны үр дүнд 141-ийг нь олсон байна. Одоогийн байдлаар ор сураггүй байгаа 8 эмэгтэйн нэг нь 14 настай, хоёр нь 16-тай, гурав нь 17-той, 18, 25 настай тус бүр нэг эмэгтэй байгаа юм байна. Охид алга болсон талаар цагдаа нарт мэдээлэл өгснөөс хойш 30 хоногийн дараа үндэсний хэмжээнд эрэн сурвалжилдаг. Энд бол маш их хугацаа алдаж байна хэмээн хохирогчдын эцэг эх гомдол мэдүүлж байсан. Харин цагдаа нар өргөдөл өгсөн өдрөөс бүсчилсэн эрэн сурвалжлах ажил эхэлдэг. Алга болсон хүний амьдарч байгаа бүс нутагт тасралтгүй шалгалт хийгээд, сарын дараа үндэсний хэмжээний эрэн сурвалжлах ажил эхэлдэг. Тэрнээс биш өргөдөл өгчихөөд байхад нь эрж хайхгүй зүгээр суугаад байдаг юм биш гэж хэлж байлаа. Цагдаа нарын хэлж байгаагаар, манай улсын хувьд эд эрхтнийг нь авах, биеийг нь үнэлүүлэх зорилгоор охид эмэгтэйчүүдийг хил дамжуулан худалдах гэмт хэрэг бага гардаг. Харин баар саун ажиллуулах нэрийдлээр охид бүсгүйчүүдийг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж байгааг цагдаа нар хэлж байна.
Дэлхийг хэрсэн сүлжээтэй хүний наймааны дамжин өнгөрүүлэгч, нийлүүлэгч бүс нутгийн тоонд манай улс ороод байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг. БНХАУ-ын Эрээн, Бээжин, Хөх хот, Шинжин, Тяньжин, Гуанжуо, Макао, Солонгос, Сингапур зэрэг газар 1000 гаруй монгол эмэгтэй биеэ үнэлж байгаа гэсэн тойм тоо цагдаа нар хэлж байна. Тэдний хэд нь хүний наймааны золиос болчихоод нутагтаа эргэн ирж чадахгүй байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Газар дээр нь судалгаа хийхээр явсан төрийн бус байгууллагын 2, 3-н ажилтан бүхэл бүтэн сүлжээтэй хүний наймаачдын хүчинд автаад монгол охиддоо тусалж чадалгүй ирснээ ч ярьдаг юм байна лээ. Хүний наймааны сүлжээнд цагдаа, иргэний бүртгэл мэдээллийн төв зэрэг төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд нэвчиж эхэлвэл манайх шиг цөөхөн хүн амтай улс мөхнө л гэсэн үг. Харин цагдаа нар үнэхээр энэ сүлжээнээс ангид байж чадаж байгаа бол хүний наймаачид хүч мөхөсдөх нь гарцаагүй. Төрийн бус байгууллагууд цагдаа нарыг хардаж байсан ч монгол цагдаа өргөсөн тангарагтаа үнэнч гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Бэлтгэсэн сэтгүүлч Г.Энхжаргал

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог