2008-02-26
13-16 насны охидууд-Хүн наймаалцах сүлжээ
13-16  насны охидууд-Хүн наймаалцах сүлжээ
13-16 насны охидууд мөнгөтэй бэлтэй эрсийн өвөр дулаацуулж хүний наймаачдын гол өгөөш болж байгаа нь батлагдлаа. Нас биед хүрээгүй шахам ийм насны охидуудыг өндөр үнээр худалддаг юм байна. 1 удаад 300 мянган төгрөг төлөөд авдаг байх юм. Хамгийн сэтгэл сэрдхийлгэмээр нь хотод хүний наймааны бүлэг сүлжээ бий болжээ. Болороо мэдээллийг тодруулна.
Баяр ёслолын үеэр эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих анхаарал нь харьцангуй багасдаг байна. Чоно борооноор гэгчээр энэ үеийг ашиглаж насанд хүрээгүй охидоор биеийг нь үнэлүүлж, наймаалцах ажил ид идэвхждэг байна. Өнгөрсөн сар шинээр өсөж яваа цэцэг цэврүү шиг охидоо бусдын гарт алдаж, цагаан сараа хар нулимастай өнгөрүүлсэн ээжүүд өнөөдрийн хуралд оролцож байсан. 2-р сарын 2-нд найз охинтойгоо яриад уулзчихаад ирнэ гэж хэлээд 12 хоног олдолгүй алга болсон охиноо үхлүүт байдалтай олсон ээж Батсайхан мэдэж байгаа бүхнээ дэлгэхийг хүссэн ч дахин охидоо муу муухай бүхнийг үрэх вий гэж айснаас чөлөөтэй ч ярьж чадахгүй байсан. Гэхдээ насанд хүрээгүй охидыг бие сэтгэлээр нь доромжлох, мөлжих түүгээр ч зогсохгүй наймаалцах сүлжээ хэдийнээ үүссэнийг нуулгүй хэлж байсан. Охиноо харалгүй олон хоносон, яахаа ч мэдэхгүй суугаа ээжүүдээ яг энэ цаг мөчөөс эхлэн хайж эхлэх хэрэгтэйг хэлэх гэж хуралд иржээ.
Батсайхан 12 хоног уйгагүй хайсны дүнд охиноо Дарханаас олжээ. Олон ч нас биед хүрсэн эрчүүдэд доромжлуулж, зодуур нүдүүрийн амт үзсэн охин аргаа барахдаа өвлийн хүйтэнд өмсөх гутал хувцасгүй ч хоригдож байсан байрнаасаа зугтаж ойролцоох айлаас тусламж эржээ. Одоо хэдийгээр ээжийнхээ гар дээр ирсэн ч гэлээ өөрөө босох чадваргүй биеийн байдал нь хүнд, эрэгтэй хүн харах нь байтугай эр хүний дуу гарахад л цочирдоод байгааг хэллээ. Мөн сэрдхиймээр нэг зүйл нь Батсайханы охин болон хамт хоригдож байсан охидуудаас цусны шинжилгээ хүртэл авсан гэж байлаа. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгах бизнесийн эхлэл нь тавигдаж байгааг харуулж байгаа юм. Батсайханы охин алга болдог мөн өдөр хичээлдээ яваад эргэж ирээгүй Энхдагиныг одоог хир нь ээж нь эрж хайсаар цөхрөнгөө бараад хуралд ирсэн байлаа. Цагдаа сэргийлэх гээд шүүх эмнэлэгт хүртэл очоод иржээ.
Тэгвэл эдгээр насанд хүрээгүй балчирхан үрс маань хаашаа алга болоод байна вэ? Хагас сарын хугацаанд 100 орчим охин алга болчихлоо.Тэд хилийн дээс хэдийнээ алхчихсан уу эсвэл хэн нэгний дарамтанд ороод хоригдож сууна уу? Цагдаагийн байгууллага юу ч мэдээгүй гэжүү гээд олон ч асуулт хариултгүй үлдэж байна. Гарах гарц үгүйдээ эсвэл баримт байхгүй учир шалтгаанаар энэ асуудал далд байгаа хэрэг ч биш бололтой. Цагдаагийн байгууллага, зочид буудлын эзэн, насанд хүрээгүй хүүхэд дамлан зарж байгаа этгээдүүд бүгд л тодорхой нэр устайгаа байдаг хэдий ч тэдэнд монголын хууль 3-н хоног л үйлчилдэг болохыг эмэгтэйчүүд баримтанд тулгуурлан хэлж байсан.
Хичээлээ тараад гэртээ харих замдаа л нэг нэгээрээ алга болж байгаа охидууд дүүрэг болгонд шахуу үүрэлсэн бузар гартнуудын эрхшээлд орж бие сэтгэлээрээ тарчлан зовж байна. Үүнийг нь мэдсэн ч мэдээгүй царайлж өмгөөлж хамгаалдаг, охидоо биеэ үнэлэгч янхан мэтээр харьцаж үгийг нь сонсдоггүй хууль цагдаагийн байгууллагынхан мөнгөнөөс болоод өөрсдөө охидгүй мэт аашилдаг нь харамсалтай. Гэмтлийн эмнэлэгт олон ч хоног тарчилж зодуурын амт үзээд эмчлүүлэх гээд хохирогч эцэг эхтэйгээ очиход цагдаа нь бүртгэж ч авдаггүй мэдээллийг эдгээр эмэгтэйчүүд бидэнд өглөө. Арга ч үгүй юм. Эрх мэдэлтэй боссуудын нэг удаагийн захиалга л гэхэд насанд хүрээгүй охин авчирсан тохиолдолд 300 мянган төгрөг байдаг байна.Тэд охидтой зүй бусаар харьцаж дур хүслээ гүйцэлдүүлэх эсэх тэдэнд огтоос ч хамаагүй, нөгөөтэйгүүр 16 хүртэлх насны охидыг хил дамнуулан наймаалцахад 10 мянган евро буюу 15 мянган долларын үнэ хүрдэг нь гэмт хэрэг гаарах нөхцөл бүрдүүлжээ. Үндэсний хэмжээнд яригдах дээр тулаад байгаа энэ асуудлыг зогсоох намжаах цорын ганц арга нь төрөөс тууштай авилгатай тэмцэх. Ингэсэн тохиолдолд цагдаа хүчнийхэн, паспортын хэлтэс, гээд эрх мэдэлтнүүд холбогдохгүй болчиход л муу санаатай хүний наймаа эрхлэгчид ажлаа зогсоохоос аргагүйд хүрнэ. Мөн Төрөөс хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч хохирогчдыг хамгаалах процедур ч боловсруулахгүй бол асуудал улам л ноцтой болж байгааг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын сүлжээнийхэн санууллаа. Эцэст нь хэлэхэд эцэг эхчүүдээ насанд хүрээгүй өсөж яваа охиндоо бага боловч цаг гаргаж анхаарлаа хандуулахгүй бол хилийн дээс алхаж ч мэдэхээр аюул бид бүхнийг нүүрлээд байна.

Бэлтгэсэн сурвалжлагч Д.Болормаа

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог