Монгол Улс (2-р зэрэглэл)
Монгол улс эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг биеийг нь үнэлүүлэх болон албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор наймаалах гэмт хэргийн эх сурвалж бөгөөд дамжин өнгөрөх газар болж байна. Сүүлийн жилүүдэд Монголд хүн наймаалах гэмт хэрэг өсч байгаа гэсэн судалгаа байдаг ч тоон үзүүлэлтээр баталгаажуулах нь бэрхшээлтэй хэвээр байна. Ихэнх хохирогч цагдаа болон төрийн бус байгууллагад албан ёсоор хандахаас цааргалдаг. Монгол охид, эмэгтэйчүүдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Макао, Өмнөд Солонгос руу биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалддаг байна. Монголд Хойд Солонгосоос ажиллаж буй цөөн бус тооны гэрээт ажилчид ажлынхаа байрнаас гадагш гарч явах эрхгүй байгаа явдал нь тэднийг албадлагын журмаар ажиллуулдаг гэсэн ноцтой асуудал байж болзошгүй юм. Гадаадын иргэдтэй, гол төлөв Өмнөд Солонгос хүмүүстэй гэр бүл болсон зарим монгол эмэгтэйчүүд нөхрийнхээ нутагт очсон хойно сайн дурын бус, албадан хөдөлмөрлөх мөлжлөгийн нөхцөлд орж байна. Дотооддоо насанд хүрээгүй охидуудыг наймаалах, ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлэх тохиолдол гарч байна.
Монгол улсын Засгийн газар хүн наймаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа хэдий ч энэ талаар нилээд их чармайлт тавьж байна. Монгол Улс хүн наймаалах гэмт хэрэгтэй сайтар тэмцэх, ялангуяа хууль хэрэгжүүлэх чиглэлээр хүч чармайлтаа идэвхжүүлэх шаардлагатай байна. Хүн наймаалах гэмт хэрэг үйлдэгсэд, энэ гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг хууран мэхлэх болон хүчирхийллийн хэлбэрийг ашигласан бүх этгээдэд ял шийтгэл оногдуулах хууль эрхийн заалтууд байгаа гэдгийг засгийн газраас олон нийтэд ойлгуулан батлах нь чухал юм.
Ял шийтгэл оногдуулах
Тайлант хугацаанд хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Монгол улсын Засгийн газраас гаргасан чармайлт нэмэгдээгүй байна. Монгол Улс нь Эрүүгийн хуулийнхаа 113-р заалтаар хүн наймаалах аливаа хэлбэрийг хориглож ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 10-аас 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэх бөгөөд энэ нь бусад хүнд хэлбэрийн гэмт хэргийн шийтгэлтэй ижил бөгөөд ихээхэн чанга гэж тооцогддог. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд хүн наймаалах ганц ч хэрэг шийтгэгдээгүй, нэг ч хүн ял шийтгэл аваагүй бөгөөд шүүхээс таван хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Өмнөх жил нь хүн наймаалах хэргээр нэг гэмт хэрэгтэн ял шийтгэл авжээ. Тайлангийн хугацаанд 25 хохирогчтой хүн наймаалах арван хоёр гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Хүн наймаалах хэргийн гэмт эдгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал тааруу байгаа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж буй хохирогчийн тоо хэтэрхий бага, мөн түүнчлэн цагдаагийн байгууллагаас улсын прокурорт шилжүүлсэн зарим хэргийг нь нотлох баримт хангалтгүй учраас хаадаг явдалтай холбоотой байна. Холбогдох хуульд өөрчлөлт оруулж улмаар хүн наймаалагчдад ял шийтгэл оногдуулах явдлыг сайжруулах асуудал хэлэлцэгдэж байна. Хэдийгээр хууль хяналтын зарим албан тушаалтнууд хүн наймаалах гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл байдаг ч үүнийг батлах баримтжуулсан хэрэг юмуу мөрдөн байцаалт явуулсан эсвэл ял шийтгэл оногдуулсан тохиолдол үгүй байна.
Хамгаалах
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хүн наймаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалахад анхаарч иржээ. Хэдийгээр улсаас хүн наймаалах гэмт хэргийн хохирогчдод зориулсан хамгаалах байр ажиллуулдаггүй, мөн тийм зориулалтын байрыг санхүүжүүлдэггүй ч монголын төр засаг ийм гэмт хэргийн хохирогч гэж тогтоогдсон хүмүүст холбогдох төрийн бус байгууллагад хандаж хамгаалуулахыг зөвлөдөг. Хохирогчдыг гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн шалгах үйл ажиллагаанд оролцохыг хөхүүлэн дэмждэг. Хүн наймаалах гэмт хэргийн хохирогч болох нь тогтоогдсон хүмүүсийг тухайн гэмт хэргийн шууд үр дүн болох аргагүй байдлаас хууль бус үйлдэл хийснийг улсаас буруутгахгүй гэдгийг баталж байна. Засгийн газрын зүгээс бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд цагдаагийн байгууллагын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу тэднийг сургуульд буцаж орж суралцахыг хөхүүлэн дэмжих туслалцааг үргэлжлүүлэн үзүүлж байна. 2006 онд Засгийн газраас Макао-д оршин сууж буй монгол иргэд, тэдгээрийн дотор Макаогийн Засаг Захиргааны Тусгай Бүс нутагт хүн наймаалах гэмт хэргийн хохирогч болсон монголчуудад үйлчилгээ үзүүлэх зорилгоор Монгол улсын Консулын газрыг нээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн. Мөн хохирогчдыг нутагт нь буцаах, хуулийн зөвлөлгөө өгөх болон бусад үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Засгийн газраас Олон Улсын Цагаачлалын Байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна.
Урьдчилан сэргийлэх
Өнгөрсөн жилийн турш Монгол улсын Засгийн газар хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар кампанит ажлыг өрнүүлж энэ гэмт хэргийн талаар олон нийтэд танин мэдүүлэх ажилд хүч чармайлт үргэлжлүүлэн гаргасаар иржээ. Монгол улсын Гадаад Хэргийн Яамнаас гадаад орнуудад ажиллаж буй консулын ажилтнуудад хүн наймаалах гэмт хэргийн тухай мэдээллийг үргэлжлүүлэн түгээж байна. Монгол улс нь НҮБ-ын 2000 оны Хүн наймаалах гэмт хэргийн тухай Протоколд нэгдэж ороогүй байгаа болно.