Ажлын байран дахь бэлгийн дарамт бол эмэгтэйчүүдийн хүний эрхэнд халдаж байгаа халдлага бөгөөд олон улс оронд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж байгаа хүчирхийллийн тэвчишгүй хэлбэр хэмээн үздэг. Дэлхий нийтээр ажлын байран дахь бэлгийн дарамтлалын хэлбэрүүд нь эмэгтэйчүүдийн ихэнхи хувьд бие сэтгэлийн асар их шаналал дарамтыг үүсгэж байдаг. Удирдах ажилтнууд, хамтран ажиллагсад болон гуравдагч этгээдийн зүгээс ажлын байран дахь эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл нь ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн нэгдэн нийлэх байр суурьт саад тотгор болж, нийгмийн дотор эрчүүдэд эмэгтэйчүүд захирагдах байдлыг өөгшүүлэн эмэгтэйчүүдийн нэр төрд халдсан халдлага болох бөгөөд ажлын байран дахь эрүүл аюулгүй орчны эсрэг аюул занал үүсгэж байдаг.
Төв, Зүүн Европ, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг болон дэлхийн бусад орнуудын эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг хуульч өмгөөлөгчид эмэгтэйчүүдийн хүний эрхийг олон төрлийн арга хэлбэрээр үйлдэгддэг ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид чөлөөтэй байлгах явдлыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Тэдгээр өмгөөлөгчид нь ажлын байран дахь бэлгийн дарамтанд өртөгсдийг сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг байгууллагуудтай холбож өгөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, байнгын ажиллагаатай зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэргээр зайлшгүй шаардлагатай үйлчилгээг үзүүлж байдаг. Мөн хуулийн байгууллагуудын ажилтнуудтай хамтран ажлын байран дахь бэлгийн дарамтын хэлбэрүүдийг хориглох, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ажил олгогчдоос шаардах, ажил олгогчдын нөхцөл байдлыг хянах болон ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг хууль тогтоомжийг мөрдөх явдалд хяналт тавих төрийн байгууллагыг бий болгох хууль эрхзүйн баримт бичгийн төслийг боловсруулан гаргаж байна. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг зөрчиж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн хүчирхийллийн хэлбэр юм гэдгийг нийтээр танин ойлгох явдал нь ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ажлын гол чухал хэсэг юм. Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчид болон ажил олгогчдод нь ч хариуцлага хүлээлгэж байх нь олон улсын хууль зүйн дагуу төрийн хүлээсэн үүрэг мөн.